Нийтийн албанд ажиллах эрхээ хасуулсан хүн Барилгын хөгжлийн төвд хяналтын инженер болжээ

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны харьяа “Барилгын хөгжлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ)-т нийтийн албанд ажиллах эрхээ хасуулсан, ял шийтгэлтэй хүн ажиллаж байна. Тодруулбал, тус ТӨҮГ-ын Барилга байгууламжийн захиалагчийн хяналтын хэлтсийн хяналтын инженер гэх албан тушаалыг Д.Жүрмэддорж хашиж буй нь ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрынхан, НШШГГ-ын ажилтнууд ажлаа хуулийн дагуу хийхгүй, дабл стандарт үйлчилж байна гэхэд хилсдэхгүй.
Д.Жүрмэддорж өмнө нь нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Барилга, байгууламжийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан юм. Энэ үедээ Хан-Уул дүүргийн XI хорооны нутагт Зайсангийн Соёмботой уулын бэлд барьсан “Алтан богд” хотхоны барилгыг улсад хүлээн авахын тулд хахууль авсан хэрэгт холбогдсон байдаг. Тэрбээр барилга хүлээн авах улсын комиссыг ахалж байхдаа 2021 оны аравдугаар сарын 19-нд Чингэлтэй дүүргийн I хорооны нутагт “Гутлын-22” гэх байранд үйл ажиллагаа явуулдаг “Route 22” рестораны вип өрөөнд дээрх хотхоныг барьж ашиглалтад оруулсан “Эсүтрейд” ХХК-ийн эцсийн өмчлөгч Б.Сэлэнгийн хамтран амьдрагч, АТҮТ-ийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Г.Эрдэнэбулагаас гурван мянган ам.долларын хахууль авсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон юм.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны зургаадугаар сарын 22-нд уг хэргийг хэлэлцэж, 2022/ШЦТ/485 дугаартай шийтгэх тогтоолоор Д.Жүрмэддоржийн нийтийн албанд томилогдох эрхийг таван жил таван сарын хугацаагаар хасаж, 25 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн билээ. Уг шийтгэх тогтоол гарснаас хойш гурван жил дөрвөн сарын хугацаа өнгөрөв. Гэтэл Д.Жүрмэддорж “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын Барилга байгууламжийн захиалагчийн хяналтын хэлтсийн хяналтын инженер гэх албан тушаалыг хашиж татвар төлөгчдийн мөнгөөр багадаа л хоёр жилийн хугацаанд цалинжиж суухад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан ус балгасан мэт дуугүй суугаа нь хачирхалтай.
Хоёр жилийн хугацаанд гэж тодотгосны учир нь тус ТӨҮГ-ынхан ажилтнуудынхаа холбоо барих утасны дугаарыг 2023 онд шинэчлэн цахим хуудсандаа оруулсан бөгөөд түүний 58 дугаарт дээрх хүнийг бичсэн байгаа юм. “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын хяналтын инженер гэх албан тушаалтан нь Авлигын эсрэг хуульд заасан хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ АТГ-т гаргаж хянуулдаггүй аж. Тиймээс АТГ-ынхан үүнийг мэдэхгүй сууж буй бололтой. Харин ШШГЕГ-ын тэргүүн дэд бөгөөд Тогтоол гүйцэтгэх газрын дарга, хурандаа А.Намсамандын шууд удирдлага доорх шийдвэр гүйцэтгэгч нар 25 сая төгрөгөөр торгох, нийтийн албанд таван жил таван сар ажиллуулахгүй байх шүүхийн хүчин төгөлдөр тогтоолыг хэрэгжүүлэх ёстой. Гэтэл тэд ажлаа хуулийн дагуу хийхгүйгээс авлигын хэрэгт ял шийтгүүлсэн хүнийг төрийн албанд ажиллуулахгүй гэх төр засгийн бодлого алдагдаж байна. Уг нь нийтийн албанд ажиллах эрхийг нь шүүхээр хассан, Боловсролын зээлийн сангийн захирал асан П.Лхагвасүрэн төрийн албанд ажиллаж, хяналт тавиагүй шийдвэр гүйцэтгэгчийг түүнд давуу байдал олгосон хэмээн АТГ-т шалгаж, шүүх хэргийг нь дэнсэлж байсныг ШШГЕГ-ынхан мартах учиргүй сэн.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.