🔴О.Номинчимэг: Үндсэн хуулийн цэц процессын алдаа гаргаж, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх гэж байна

Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоолтой холбоотойгоор Үндсэн хуулийн цэц дээр үүссэн маргааны талаар УИХ-ын гишүүн О.Номинчимэг байр сууриа илэрхийлээ.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг: 

-Мэдээж маргааны зөв, буруу эсэх нь Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрхийн асуудал. Харин процессын асуудал дээр зөрчил харагдаж байна. Цэц маргааш их суудлаар яаралтай хуралдах гэж байна. Ер нь зөвхөн онц байдал, дайн дажинтай холбоотой асуудал дээр л нэн яаралтай, гурав хоногийн дотор хурал зарладаг. Гэтэл энэ бол УИХ дээр болсон үйл явц болон Ерөнхий сайдыг огцруулах тогтоолтой холбоотой асуудал. Цэц өөрийнхөө хуулийн дагуу дор хаяж долоо хоногийн өмнө хурлаа зарлах ёстой байсан.

Дээрээс нь, УИХ-аас гарсан шийдвэр, тогтоол эхлээд дунд суудлаар гарах ёстой. Тэгээд дунд суудлын шийдвэрийг УИХ хүлээж авах эсэхээ шийдсэний дараа их суудал хуралдах процесс болдог. Гэтэл бусад асуудалтай нийлүүлээд цэцийн их суудлаар эцсийн байдлаар шийднэ гэж байгаа нь дэгийн хуулиа зөрчиж байгаа явдал.

Хуульч хүний нүдээр харахад, Үндсэн хуулийн цэц процессын асуудал дээрээ ийм хуумгай хандаж, өөрийн хуулиа зөрчин, яаралтайгаар хурлаа зарлаж байгаа нь ямар учир шалтгаантайг гайхаж байна гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.