Х.Нямбаатар: Борлуулалтын цэгүүдийн түлшний нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүллээ

Нийслэлд түлш борлуулах цэгүүдэд түлшний нөөц хангалтгүй байгаа талаар иргэдийн санал гомдолд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дараах хариултыг өглөө.
Хотын дарга Х.Нямбаатар:
-Нийслэлд зарим борлуулалтын цэгт үдээс хойш түлш дуусаж, хомстол үүсэж байна. Түлш борлуулж байгаа 400 цэг бий. Түлш борлуулалтын цэгүүдэд өдөрт 5000 тонн түлш борлуулж байсныг хоёр дахин нэмэгдүүлж 10 мянга болгон, нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл нийлүүлэгчийн зүгээс өдөрт хоёр удаа тээвэрлэлт хийх юм. Хэдийгээр өмнөх жилүүдийн дундажтай адил хэмжээгээр түлшний нийлүүлэлт хийгдэж байгаа ч иргэд хүйтрэхээс өмнө түлшээ нөөцлөх хандлагатай байна.
“Хотула” аппликейшнээр өрхийн нэг гишүүн бүртгүүлж, түлшээ авна гэж тооцож байсан ч нэг өрхөөс 2-4 хүн бүртгүүлж түлш авч байна. Иймээс бүртгэлийг хянаж, нэг өрхөөс нэг л гишүүн түлш авч байхаар тохируулснаар зохиомол хомсдол үүсэхгүй. Борлуулалтын цэгүүдийн нийт түлшний 50 хувь нь хуучин мидлинг, 50 хувь нь шинэ түлш байна. Арванхоёрдугаар сарын сүүлчээр 100 хувь хагас коксон шахмал түлш буюу шинэ түлш борлуулна. Энэ үед агаарын чанар ямар түвшинд очсон байна вэ гэдгийг бодитоор хэмжиж олон нийтэд танилцуулна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.