🔴Э.Эрдэнэжамъян: Үндсэн хуулийн цэц парламeнтын бүрэн эрх рүү халдаж болохгүй
Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоолтой холбоотойгоор Үндсэн хуулийн цэц дээр үүссэн маргааны талаар хуульч Э.Эрдэнэжамъян мэдээлэл өглөө.
Хуульч Э.Эрдэнэжамъян:
-Одоо бид нар Монгол Улсад парламентын засаглал байх уу, үгүй юу гэдэг маргаан руу ороод байна. Засгийн газар УИХ-аар огцорсон ч энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзээд, Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа ийм л процесс. Ийм үйл явдал бол дэлхийн парламентын засаглалтай улсуудад огт байдаггүй үзэгдэл. Яагаад гэвэл парламентын хамгийн гол бүрэн эрх нь өөрийнхөө Засгийн газрыг байгуулах, эсвэл огцруулах явдал. Парламентад байгаа энэ эрх мэдэлтэй холбоотойгоор ямар нэгэн байдлаар үг үсэг хөөцөлдөж, процессынх нь асуудлаар цэцэд хандана гэдэг бол үндсэндээ Засгийн газар байгуулах, байгуулахгүй эрхийг цэц рүү шилжүүлж байгаа хэрэг.
Засгийн газрын цэцэд өгсөн гомдол мэдээллийг харахад, бодитой үндэслэл огт алга. Үндсэн хуулийн цэц хууль, тогтоолыг албажиж, хэрэгжсэнээс нь хойш агуулгынх нь хувьд авч үздэг. Тэрнээс биш, УИХ тэр тогтоолыг гаргахдаа ирцээ яаж бүрдүүлсэн, саналаа яаж цуглуулсан, хэн удирдсан, яаж хуралдсан нь цэцийн асуудал биш. Энэ бол зөвхөн УИХ-ын дотоод асуудал. Цэц байтугай өөр хэн ч УИХ-ын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, шүүх эрх байхгүй. Хэрэв тэгэх юм бол, парламентын засаглалыг устгасантай ялгаа байхгүй.
Их Хуралд хүртэл Засгийн газрынхаа асуудлыг шийдэхэд нь 30 хоногийн дотор гэсэн тодорхой хугацааг өгдөг. Яагаад 30 хоногийн дотор шийдэх асуудлыг гурав хоногийн дотор цэцээр шийдүүлэх гээд байгаа юм бэ? Энэ бол УИХ-ын бүрэн эрхэд халдах гэж байгаа оролдлого. Энийг хэн нь сайн хүн, муу хүн гэж ойлгохоосоо илүү ерөөсөө л манай парламентын засаглал байх юм уу, үгүй юу гэдэг өнцгөөс харах хэрэгтэй. Дараа нь энэ жишгийг өөр хүмүүс өөр зорилгоор ашиглаад эхэлбэл яах вэ? Унасан Засгийн газар асар хортой тоглоомоор тоглож байна. Ингэж хандаж байгаа нь ч хууль бус, цэц энийг хүлээж аваад, процессын алдаа гаргаж, яаран шийдэх гэж оролдож байгаа нь ч хууль бус гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.