🔴П.Сайнзориг: Үндсэн хуулийн цэц дайн байлдаан, онц байдал зарласан үeд гурван хоногийн дотор их суудлын хуралдаанаа зарладаг

Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол дээр Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан асуудлаар УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос тодрууллаа.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: 

-Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу УИХ энэ Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 2/3-ын саналаар энэ асуудлыг аль нэг талдаа гаргаад шийднэ.

Санал хураасан томьёолол дээр асуудал ирсэн. Гэхдээ агуулга хэзээ ч өөрчлөгдөөгүй байсан. Үндсэн хуулийн ямар ч заалт зөрчөөгүй. Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоолыг хүчин төгөлдөр ирцгүйгээр гаргасан гэж үзэж байгаа бол УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн шийдвэр дээр мөн адил хориг тавих ёстой. Мөн 2026 оны улсын төсвийн гуравдугаар хэлэлцүүлэг рүү шилжүүлсэн шийдвэр хүчин төгөлдөр бус болж байгаа. Тэгэхээр энэ долоо хоногийн бүх байнгын хороо хуралдаж чадахгүй гэсэн үг.

Цэц бол Үндсэн хуулийг сахиж хамгаалах хамгийн том институц бөгөөд хараат бусаар ажиллаж, төвийг сахих ёстой. Гэтэл төвийг сахиж байгаа эсэх нь өнөөдөр маш эргэлзээтэй харагдаж байна. Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг УИХ аравдугаар сарын 17-ны өдөр шийдсэн байхад, 16-ны өдөр маргаан үүсгэсэн. Гараагүй шийдвэр дээр маргаан үүсгэнэ гэдэг яг юу гэсэн үг вэ? Урьдчилаад ямар нэгэн байдлаар нөлөөнд орж, асуудлыг шийдэх бэлтгэл тэнд аль хэдийн хийгдсэн байна. Дээрээс нь, энэ асуудлыг ерөөсөө гуравхан хоногийн дараа эцэслэн шийдвэрлэнэ гэсэн байна. Дунд суудлын хуралдаанаар хэлэлцэх ёстой асуудлыг ямар зорилгоор шууд их суудал руу оруулж, цэц өөрөө Үндсэн хуулийг зөрчиж байгаа юм бэ?

Цэцийн дээр хөх тэнгэр биш, Үндсэн хууль байгаа. Үндсэн хуулийг барьж ажиллах ёстой цэц маань энэ хуулиа зөрчиж байгаа нь туйлын харамсалтай байна.

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасны дагуу, 11 асуудлыг тодруулж байж цэцийн хуралдааныг хуралдуулна гэсэн байдаг. Хэргийн ээдрээ төвөгтэй байдлаас шалтгаалаад 30 хоногоор сунгаж болдог. Энэ 11 асуудал хангагдсан эсэх нь үнэхээр тодорхойгүй байна. Мөн дайн болон онц байдал зарласан, цэрэг хөдөлгөх шийдвэр гаргасан байх юм бол цэцийн хуралдааныг гурав хоногийн дотор бэлддэг. Бусад асуудалд боломжит хугацааг нь өгөх байтал мэтгэлцэх талуудад ямар ч тайлбар гаргах бололцоогүйгээр дунд суудлын хуралдааныг алгасаад явна гэдэг бол маш том эмгэнэл гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.