Л.Болд: С.Шаарийбуу гуайтай хамт хэвлэлийн хурал хийхэд бэлэн байна

Л.Болд: С.Шаарийбуу гуайтай хамт хэвлэлийн хурал хийхэд бэлэн байна

2006 онд Малайзад онц хэрцгийгээр амиа алдсан Ш.Алтантуяа агсны хохирлын төлбөрийг Малайзын шүүхээс олгосон ч УИХ-ын гишүүн асан Сүхбаатарын Батболд, Консулын газрын дарга Я.Ариунболд нар авч, Гадаад харилцааны сайд Лувсанвандангийн Болд Малайзад буулт хийсэн талаарх мэдээлэл цахим орчинд нийтлэгдэж, олны шүүмжлэлийг дагууллаа. 

Тэгвэл УИХ-ын гишүүн асан Лу.Болд цахим хуудаснаа тайлбар хийжээ. 

-Цахим ертөнцөд өчигдрөөс эхлэн “Сэрдарам Дамдин” гэдэг нэртэй хаягаас намайг хүний санаанд багтамгүй гэмт хэрэгт ор үндэслэлгүйгээр гүтгэж, хүний ёсноос гадуур гаж сэтгэлээр доромжлон гутааж эхэллээ. Ухамсарт бүхий л амьдралаа хүний эрхийн төлөө тэмцэлд зориулсан миний хувьд тэрхүү аймшигт аллагын талаар өөрийн байр сууриа ямагт тодорхой илэрхийлж ирсэн нэгэн. "Монголын төр хохирсон иргэнийхээ төлөө арслан бар шиг арсалдах учиртай юм" гэж.
Миний зүгээс С.Шаарийбуу гуайг боломжийнхоо хэрээр дэмжиж, төсөөлшгүй зовлонтой нөхцөлд үүрч буй ачааг нь нимгэлэхэд анхаарч, хүчин зүтгэж ирсэн нь бодит үнэн юм. Ялангуяа тухайн үед энэ асуудалд намайг ойртуулж, С.Шаарийбуу гуайтай танилцуулсан М.Батчимэг гишүүн агсан Монголын төр мэдээллийн дутагдалтай байсан эхний жилүүдийн төөрөгдлийг өөрчлөхөд онцгой үүрэг гүйцэтгэсэн билээ. Энэ талаар бид хамтдаа их хурал дээр олон асуудлыг хөндөн тавьж байсныг тод санаж байна. Монгол төрийн гарамгай зүтгэлтэн түүний гэгээн дурсгалыг санаж би шүүхээр нэр төрөө албан ёсоор сэргээлгэх болно. Энэхүү увайгүй гүтгэлгийг түгээсэн Д.Сэрдарам гуай нотлох баримтуудаа шүүх дээр аваад очоорой.
Би нэг удаа Малайзид Олон улсын хүний эрхийн хуралд зориуд хувиараа очиж, талийгаачийн амь насыг эрх баригчдаас нь нэхсэн билээ. Цаазын ялын эсрэг хурал байсан бөгөөд энэ хэргийн жишээн дээр цаазын ялаар халхавч болгож хуулийн цоорхойг ашиглаж байгааг анхааруулсан юм. Малайз Улс алуурчинд цаазын ял оноосон бөгөөд түүнийгээ гүйцэтгэхийн оронд Австрали руу зугтах боломж олгож, эрх чөлөөтэй байлгаж, ял завших боломж олгож байгааг тайлбарласан. Хэрэв тэр этгээд бүх насаараа хоригдох ялтай байсан бол Австрали Улс гэмт хэрэгтнийг хүлээлгэн өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлсэн бөгөөд тэр жигшүүрт этгээд зохих шийтгэлээ хүлээж, хэргийн эрүүгийн хуулийн процесс дуусгавар болж, дараагийн шатны асуудлууд шийдэгдэх байсан юм. Энэ талаар намайг гэмт хэрэгтнийг хамгаалсан мэтээр баахан гүтгэж, олон хүнийг төөрөгдүүлж улс төр хийж байсныг би тодхон санаж байна.
Хохирогчийн мөнгийг завшсан, өрөөндөө барилцаж авсан ч гэх шиг арай муухайгаар гүтгэн доромжилж байгааг хараад зүгээр сууж чадсангүй ээ. Дотор дэндүү ихээр муухайрлаа. Ингэж хүнийг муухайгаар гүтгэж болдог нийгмийг бид хүссэн бил үү? Миний хувьд энэ бүхэнд нэг мөр хариу өгч, цэг тавихаар С.Шаарийбуу гуайтай хамтдаа хэвлэлийн хурал хийхэд бэлэн байна гэдгээ үүгээр мэдэгдье гэжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.