Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн бүхэлд нь хориг тавилаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр:
-Монгол Улсын Их Хурлаас Ерөнхий сайдыг огцруулах 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьж байна.
УИХ-ын гишүүдийн анх тавьсан санал буюу Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжих эсэхээр санал хураалт явуулж шийдэх ёстойг Үндсэн хууль болон УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд салаа утгагүйгээр тусгасан. Гэтэл Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхдээ УИХ-ын гишүүдийн тавьсан саналаар биш, Төрийн байгуулалтын байнгын хорооны "Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй" гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэсэн байна.
Энэ нь Үндсэн хуулийг зөрчих нөхцөлийг бий болгосон байна.
Мөн аравдугаар сарын 16-ны 09:00 цагаас эхлэн гишүүд ирцэд бүртгүүлж эхэлсэн байх боловч тухайд өдөр хуралдааны ирц бүрдээгүй. Улмаар аравдугаар сарын 17-ны баасан гаргийн хуралдааны ирцийг шинээр бүрдүүлэлгүйгээр пүрэв гаргийн ирцээр үргэлжлүүлэн тооцож, нэгдсэн хуралдаанаар шийдвэр гаргасан. Энэ нь Монгол Улсын Их Хурлын дэгийн тухай хуулийг зөрчсөн.
Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр ирц бүрдээгүй байхад чуулганы нэгдсэн хуралдааныг сунган хуралдаж, шийдвэр гаргасан нь Үндсэн хууль болон Монгол Улсын Их Хурлын дэгийн тухай хуулийг зөрчсөн хэмээн үзэж байна хэмээв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.