Ирэх даваа гаргаас скүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Нийслэлийн Засаг даргын 2025 оны аравдугаар сарын 15-ны өдрийн А/1453 тоот захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт скүтер, мопед, цахилгаан дугуйг ирэх даваа гаргаас эхлэн замын хөдөлгөөнд оролцуулахгүй. Тодруулбал, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангаж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх тээврийн хэрэгслийг 2025 оны аравдугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд замын хөдөлгөөнд оролцуулахгүй юм.
Нийслэлийн Засаг даргын А/1453 тоот захирамжийг:
- Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг,
- Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.7 дахь заалт, 10 дугаар зүйлийн 10.2.2, 10.2.3, 10.2.7 дахь заалт, 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.3 дахь заалт, 28 дугаар зүйлийн 28.1.5, 28.1.10 дахь заалт, 29 дүгээр зүйлийн 29.1.6 дахь заалт,
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.2, 9.4.2, 9.4.3, 9.4.5 дахь заалт,
- Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалт, 37 дугаар зүйлийн 37.7 дахь хэсгийг тус тус үндэслэн гаргав.
Хязгаарлалт тогтоосон хугацаанд техникийн шаардлагыг хангасан мотоцикл (суррон загварын тээврийн хэрэгсэл), мопед (скүтер загварын тээврийн хэрэгсэл)-ийг бүртгэлжүүлж, улсын бүртгэлийн дугаар олгох, хяналт тавих нөхцөлийг бүрдүүлэх, түрээслүүлэгч байгууллагуудтай гэрээ байгуулах ажлыг зохион байгуулахыг холбогдох газруудад даалгав.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.