🔴Х.Булгантуяа: Хуралдаан даргалагч намайг сүүлдээ дарамталж байна
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа:
-Энэ хэлэлцэх асуудал бол Үндсэн хуулийн цаг хугацаатай асуудал. Гэтэл УИХ-ын зарим гишүүн бүр гэртээ харьчихсан юм шиг байна. Зарим нь өрөөндөө өдөржингөө суусан гэнэ. УИХ-ын Парламентын танхим бол ажил хэрэгч мэтгэлцээн өрнүүлдэг газар. Бүгд санал нэгдэх албагүй. Өрөөнөөсөө лайв, пост хийх биш, чуулганы индэр дээрээс албан ёсоор протокол дээр ажил хэрэгч байдлаар саналаа хэлэх гэж УИХ-ын гишүүн болсон гэж би ойлгодог.
Чуулган дөнгөж эхэлмэгц, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт надад "Хэрвээ ийм томьёоллоор санал хураалт явуулах юм бол Үндсэн хууль зөрчиж байгаа шүү. Өөрөө хууль бус аргаар төрийн эрхийг авах ялтай шүү. Арван жил хоригдоно шүү. Анхаарууллаа шүү чамд" гэж хэлээд гарсан. Өмнө нь ямар ч асуудалгүйгээр хэрэгжсэн яг адил зүйл заалт өнөөдөр хэн хурал даргалж байгаагаас шалтгаалаад өөрөөр үйлчлэх ёсгүй гэж бодож байна.
Өнөөдөр бүтэн өдөр төрийн ажил бүрэн гацлаа. Төсвийн олон асуудал бүрэн гацлаа. Уг нь бид нар ингэж хуралдмааргүй байна. Гэхдээ Үндсэн хуулийн цагтаа багтааж хэлэлцэх үүрэгтэй, хуралдаан даргалагч үүнийг хангах үүрэгтэй учраас ингээд шөнөжин өдөржин хуралдаж байна. Олон цаг хуралдаан даргалаад мэдээж хэцүү байна.
Би УИХ-ын дэд дарга, эмэгтэй хүн. УИХ-ын чуулганы танхимд, индэр дээр гарч ирж байгаад, зүгээр саналын томьёоллыг өөрсдийнх нь хүссэнээр явуулсангүй гэдгээс болоод "Чамайг хорино шүү" гэж шүүхийн шийдвэр уншиж байгаа аятай хэлж байгаа юм чинь өөр хүмүүст хаалганы цаана юу болж байгааг би мэдэхгүй. Сураг сонсоход, заримынх нь бизнесийн үйл ажиллагаа дээр нэлээн дарамттай байх шиг байна. Бизнес эрхлэгч олон гишүүн ирэхгүй байна. Зарим нь их л айдас хүйдэстэй. Эсвэл "Ямар нэгэн байдлаар наймаанд орчихсон юм уу" гэж иргэд, олон нийтийн зүгээс шүүмжилж байна.
УИХ-ын үйл ажиллагаа явах ёстой. Ямар ч байсан бид хуулийн дагуу хэлэлцэх цагтаа асуудлаа хэлэлцэж дуусгамаар байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.