🔴 Д.Амарбаясгалан: Хүн биш хууль засагладаг эрхзүйт төрийн төлөө өөрийн хүсэлтээр ажлаа өгч, шинэ тэмцлээ эхлүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн болоод бусад үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-УИХ-ын дарга Д.Амарбаясгалан миний бие үүсээд буй нөхцөл байдлыг үнэлж төрийн ажлыг гацаахгүй, Үндсэн хуулийн зөрчил үүсгэхгүйн тулд өөрийн хүсэлтээр ажлаа өгч байна. Миний хүсэлтийг ТББХ-ны хурлаар дэмжсэн байна. Өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлын тов дараалалд оруулсан байгаа. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж хэлэлцэх асуудлын тов дараалалд оруулжээ.
Улс төр олон талтай, агуулгатай, өрсөлдөөнтэй. Нэг өдөр хаалга хаагдах, нөгөө өдөр хаалга нээгдэх гэхээс илүүтэйгээр илүү цэвэр, шударга байх ёстой гэх үүднээс өргөдлөө өглөө. Надад хийсэн хэрэг, шалгуулсан хэрэг нэг ч байгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Цаашид нар руу чиглэсэн гүтгэсэн эргэлзээ бүрийг бүрэн эцэслэж, нэр төрөө сэргээх болно.
Хөшигний ард олон үйл явдал хөвөрч байна. Ардчилал, эрх чөлөө, парламентын засаглал, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд хэт халдаж байна. Хуулийг уландаа гишгэсэн энэ байдлыг эцэслэхийн төлөө би эцсээ хүртэл ажиллах болно. Хууль засагладаг байх эрх зүйт төрийн төлөө гаргаж байгаа шийдвэр юм.
Эцэст нь, Ерөнхий сайд Г.Занданшатарт хандаж хэлэхэд, төрийн үйл ажиллагаа тогтвортой саадгүй хэвийн үргэлжлүүлэхийн тулд хоёулаа хамт огцоръё гэх санал гаргаж байна.
-Таны талаар гадны сайт дээр гарсан мэдээллийг үндэслэж буруутгасан? Та гэмт хэрэгт холбогдсон юм уу? Дарангуйлал тогтох гээд байгаа юм уу?
-Батлагдсан нотлогдсон зүйлээр асуудлыг шийдвэрлэж ажиллах ёстой гэж би боддог. Гадны мэдээллийн сайт дээр төлбөртэй тавьсан мэдээлэл дээр үндэслэж улс төрчдийн нэр хүндэд халдаж буй байдал надаар дуусаасай. Өнөөдрийн чуулганы үйл ажиллагаа ямар байгааг та бүхэн харлаа. Гишүүдийг ирцэд оруулахгүй дарамталж байгаа нь дарангуйллын тод илрэл. Хувь хүний талаар яримааргүй байна. Та бүхэн ч мэдэж байгаа. Харин дөрөв дэхь засаглалын сэтгүүлчид сайн ажиллаарай. Өнгөрсөн өдрүүдэд асар их мөнгө төгрөг, эрх мэдлийн өмнөөс тэмцэлдлээ. Би хүчин мөхөстөөгүй, ажлаа өгч байгаад илүү тууштай тэмцэнэ. Би ямар нэг хэрэгт холбогдож, аливаа хуулийн байгууллагад шалгагдаагүй гэдгээ дахин хэлье.
-Та ажлаа өгч байгаа ч Г.Занданшатарын засгийн газар унавал Ерөнхий сайд болох уу?
-Хэн Ерөнхий сайд болохыг МАН-ын бага хурал, Их хурлын гишүүд шийднэ. МАН цаашдаа улс төрийн үйл ажиллагааг тогтвортой, зарчимтай, хүчирхэг хэлбэрээр авч явахад хэн удирдах вэ гэдгийг ойрын хугацаанд хуралдах манай намын дээрх хоёр хурал шийднэ.
-Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлаар санал хураахдаа ТББХ-ны саналаа санал хураалгах уу?
-Байнгын хорооны бүтэц нь УИХ-ын гишүүдээс санаачилж буй олон асуудлыг нэгтгэн хэлэлцэж чуулганд оруулдаг. Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг авч хэлэлцээд, шийдвэрийн төсөл болгож чуулганы хуралдаанд оруулдаг.
Гишүүдийн гаргасан саналыг шийдвэр болгож оруулдаггүй. Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг Байнгын хорооны санал дүгнэлт дээр үндэслэж шийдвэр гарна. УИХ-ын 64 гишүүн кноп дарж байж шийдвэр гарах мэтээр зарим гишүүн ярьж байна. Дэмжих, дэмжихгүй нь тухайн гишүүний санал юм гэв.
Сэтгэгдэл (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.