🔴О.Цогтгэрэл: АН-ын бүлэг хоёуланг нь огцруулж, улсаа хямралаас гаргана
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд үүсээд буй цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл:
-Монгол улс эмх замбараагүй байдал, Үндсэн хуулийн хямралын босгон дээр зогсож байна. Цагаар тоологдож эхэллээ. "Төрөө хямралаас гаргана, Түмнээ ядуурлаас аварна" гэж уриалсан улс төрийн хүчин завсаргүй засагласаар олон жил болсон ч түмэн ядуурч, төр хямарч байна. Загас толгойноосоо эхэлж өтдөг гэдгийг харлаа. Багш эмч нар нь гудамжинд гарч, өндөр настнууд тэтгэвэр хүрэхгүй байна гэж, эрчим хүчний салбар нь зогсоход хүрсэн, эдийн засгийн хямралд орчихоод байхад эрх баригчид сандал суудлын төлөө зүтгэцгээж байна.
Төрийн хямрал руу санаатайгаар хөтөлж байна гэж үзэж байна. Би Ардчилсан намын даргын хувьд УИХ-ын чуулганаас завсарлага авч, гишүүддээ санал дэвшүүлэх гэж байна. Өмнөх шийдвэрээр УИХ-ын даргыг огцруулах эсэх асуудлыг яаралтай оруулж ир гэж ярьсан. Парламент мухардалд орохгүйн тулд Ерөнхий сайдын асуудалтай зэрэгцүүлэн шийдэх ёстой гэж үзсэн. Хамтад нь хэлэлцэх ёстой гэх шаардлагаа нэхнэ. Хамтдаа орж ирвэл АН-ын бүлгийн дийлэнх олонхын саналаар хоёуланг нь огцруулах хэрэгтэй гэж үзэж байна. Аль нэг талын асуудал орж ирвэл манай АН чуулганы хуралдаанд оролцохгүй. Хариуцлагыг МАН бүрэн дүүрэн хариуцах ёстой.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Үндсэн хуулинд "Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг УИХ шийдвэрлэнэ" гээд тов тодорхой заасан байгаа. Хэдэн сарын өмнө Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдыг огцруулах асуудал орж ирэхэд "Анх оруулж ирсэн саналыг дэмжиж байна уу, дэмжихгүй байна уу" гэж УИХ-аас асууж байсан. Байнгын хорооны санал дүгнэлтийг дэмжих эсэх биш. Байнгын хороо санал, дүгнэлтээ УИХ-ын чуулганд танилцуулна л гэж Үндсэн хуульд тодорхой заасан. Танилцаад ямар шийдвэр гаргах нь УИХ-ын өөрийн эрх гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.