Шүүгч, түүний туслахад хахууль өгөхийг завдсан эмэгтэйд зургаан сар хорих ял шийтгэлээ

Холбогдсон хэргээ өөртөө ашигтай шийдвэрлүүлэхийн тулд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй шүүгч, түүний туслахад хахууль өгөхийг завдсан “Укасан” ХХК-ийг үүсгэн байгуулагч Ц.Уртнасангийн гэм буруутай, эсэхийг өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцлээ. Тэрбээр иргэн Т.М-д Арцатын аманд удахгүй барьж дуусах гэж буй хувийн сууц (хаус)-ыг хямд үнээр зарна хэмээн зургаан автомашин 120 сая төгрөгөөр үнэлэн авч их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдсон юм байна.
Уг хэрэг нь хуучнаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингист хуваарилагдан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан аж. Улмаар 2024 оны арванхоёрдугаар сарын 5-нд шүүх хурлыг нь хийх болоход хуралдаа ирээгүй тул шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах захирамж гаргажээ. Энэ үед буюу захирамж гарснаас хойш хоёр цагийн дараа Ц.Уртнасан шүүхэд ирж, шүүгчийн туслах Н-ийн ширээний доор дугтуйтай 1.4 сая гаруй төгрөг, 180-аад мянган төгрөгөөр үнэлэгдэх конъяк, оргилуун дарс, вино, шоколадны цуглуулга зэргийг үлдээж, “Өөрөө 500 мянгыг нь аваад бусдыг нь шүүгчид өгөөрэй, хэргийг хэрэгсэхгүй болгох үүднээс хуралд оролцоно” гэсэн утга бүхий зурвас бичээд үлдээсэн аж. Үүнийг нь туслах Н тэр даруй шүүгч Э.Чингист мэдэгдэн, шүүгдэгч Ц.Уртнасанг эд зүйлээ авахыг шаардсан гэнэ.
Шүүгч Э.Чингис нөлөөллийн мэдүүлэг хөтлөн ШЕЗ-д хүргүүлж, шүүхээс гаргасан захирамжийн дагуу Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах хэлтсийн дээрх шүүхэд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид Ц.Уртнасанг баривчлан Цагдан хорих төвд хүргэжээ. Үүнээсээ өмнө Ц.Уртнасан нь шүүгчийн туслахад хандан “Амралтын өдрөөр уулзъя. Манай эгч байгаа юм гэж шүүгчдээ захиад өгөөрэй” гэх мэтээр хууль бус үйлдэл гаргаж байж. Дээрх эмэгтэйд холбогдох залилангийн хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх энэ оны нэгдүгээр сарын 27-нд хэлэлцэн хоёр жил таван сар 10 хоногийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг ялыг хөнгөрүүлэн өөрчилж, нэг жил хорихоор болгосон аж. Улмаар шүүх магадлангийн хурлаар өнгөрсөн есдүгээр сарын 25-нд орж эдлээгүй үлдсэн ялаас хоёр сар 22 хоногийн өмнө сулласан гэнэ.
Ц.Уртнасанд холбогдох шүүгчид хахууль өгөхийг завдсан хэргийг өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хянан хэлэлцээд нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жил хасаж, зургаан сарын хугацаагаар хорих ял оноолоо. Ингэхдээ насанд хүрээгүй хүүхдүүдтэй зэргийг харгалзан хорих ялын доод хэмжээгээр шийтгэжээ. Түүний хахуульд өгөхийг завдсан конъяк, вино, оргилуун дарс, шоколадны цуглуулгыг устгаж, 1.4 сая төгрөгийг нь улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Сэтгэгдэл (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.