ШЕЗ-ийн шүүгч гишүүнээр таван хүнийг сонгосны хоёр нь орон нутгийнх

ШЕЗ-ийн шүүгч гишүүнээр таван хүнийг сонгосны хоёр нь орон нутгийнх

Төрийн ордонд өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх шатны шүүхийн нийт шүүгчийн чуулган болж өндөрлөв.

Эхний өдөр болсон “Шүүгчийн эрх ашгийг хамгаалах, сахилга хариуцлагыг сайжруулах” хэлэлцүүлгийн хүрээнд Улсын дээд шүүхийн шүүгч, Захиргааны хэргийн танхимын тэргүүн, Шүүгчийн ёс зүйн зөвлөх хорооны ахлагч Д.Мөнхтуяа “Шүүх эрх мэдлийг зохистой хэрэгжүүлэх нь: Хариуцлага ба хараат бус байдал” сэдвээр илтгэл тавихдаа “Шүүгч нарын ёс зүйгүй байдал хараат бус байдлаар хамгаалагдах ёсгүй” хэмээсэн нь ёс зүйгээ зөрчдөг, хэрэгжүүлэх ёстой хуулиа хэрэглэдэггүй, хэргийн нэг талын оролцогчтой дангаараа уулздаг, хавтаст хэргээс баримт үрэгдүүлж байсан шүүгч нарт нэгийг бодогдуулсан нь лавтай.

Чуулганы хоёр дахь өдөр буюу аравдугаар сарын 10-ны баасан гарагт Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийн болон Сахилгын хорооны үйл ажиллагааны тайланг сонссон юм. Энэ үеэр ШЕЗ-ийн удирдлага нь тогтоосон хугацаанд багтааж тайлангаа танилцуулж амжилгүй цагаа сунгах хүсэлт гаргав. Гэвч чуулганы зохион байгуулагчид эрс эсэргүүцсэнээр ШЕЗ-ийн тайланг гүйцэд сонсоогүй юм. Улмаар ШЕЗ-ийн шүүгч гишүүнд нэрээ дэвшүүлсэн 15 шүүгч дэвшиж буй үндэслэл, хэрэгжүүлэх ажлаа танилцуулж, чуулганд оролцогчдын асуултад хариулсны дараа санал хураалт эхэлсэн юм. Үүнд нийт 479 шүүгч санал өгснөөс Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа, нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Даваадорж, Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч М.Мөнхдаваа, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу нар олонхын саналаар сонгогдсон. Анхан шатны шүүхээс ШЕЗ-ийн шүүгч гишүүнд нэр дэвшигч Н.Одонтуул, Л.Өлзийжаргал нарын дунд дахин санал хураалт явуулж, 464 шүүгч санал өгснөөс Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргалд олонх шүүгч саналаа өгчээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.