Кёкүшюзан Д.Батбаярыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Т.Баясгаланг цагаатгав

УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн хамтрагч Н.Болормаа, Д.Цэрэндорж нарт холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гарагт хэлэлцэн шийдвэрлэлээ.
Ингэхдээ Т.Баясгалан, Кёкүшюзан Д.Батбаяр нарын Богдхан уулын дархан цаазат газарт зургаан аж ахуйн нэгжийн нэрээр газар эзэмших эрх авахдаа тухайн үеийн БОНХЯ, харьяалах хамгаалалтын захиргааны албан тушаалтнуудыг залилан мэхэлсэн нь хавтаст хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй, газраа зориулалтын бусаар ашигласан үйлдлийг залилах гэмт хэрэг гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгожээ. Мөн Н.Болормаатай хамтран бусдыг залилсан үйлдэлд оролцоогүй гэж дүгнэн Т.Баясгалан, Д.Батбаяр нарт яллах дүгнэлт үйлдсэн залилсан, мөнгө угаасан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгажээ. Харин Н.Болормааг 2009-2010 оны хооронд бусдыг хуурч, их хэмжээний хохирол учруулан залилсан, Д.Батбаяр, Б.Цэрэндорж нар бүлэглэн 2011 оны таваас долоодугаар сарын хооронд бусдыг мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан нь нотлогдсон гэж дүгнэжээ. Улмаар Д.Батбаярт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон бол шүүгдэгч Н.Болормаад 10, Б.Цэрэндоржийг 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна. Шүүгдэгч Н.Болормаа гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлоо нөхөн төлсөн бөгөөд гэм буруутай нь нотлогдсон гэж дүгнэсэн Д.Батбаяр, Б.Цэрэндорж нараас нийт 12.9 тэрбум төгрөг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн аж.
Прокурорын байгууллагаас Кёкүшюзан Д.Батбаярыг эхнэр асан Т.Баясгалангийн хамтаар Богд хан уулын дархан цаазат, тусгай хамгаалалттай хэд хэдэн бүсэд газар авч, түүнийгээ зориулалт бусаар ашиглаж, төрийн яамныхныг мэхэлсэн, “Уран ган” компанийн захирал Б.Лхагвасүрэн гэх зэрэг хүнд тухайн газраасаа өгч, оронд нь автомашинууд авч мөнгө угаасан хэрэгт буруутгасан. Бас Д.Батбаярыг Б.Цэрэндоржтой хамтран “Гашуунсухайтаас БНХАУ-ын Ганцмод хилийн боомт хүртэл газар доогуур нүүрс тээвэрлэх битүү, туузан дамжуурга байгуулах ажилд хамтарна, хөрөнгө оруулна” гэж өмнөд хөршийн иргэнээс 14 тэрбум шахам төгрөг залилсан, Монгол Улсын Засгийн газар, УИХ, Тэргүүн шадар сайд, Шадар сайд болон яамдын албан бичгүүдийг хуурамчаар үйлдэж, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Евроази интернэйшнл инвестмент групп” ХХК-ийн захирал иргэн Вү Сэнчианг гэх хүнд итгэл төрүүлэн 16 тэрбум шахам төгрөгтэй тэнцэх валютыг Н.Болормаатай хамтран мэхэлсэн хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.