Ховд аймаг дахь Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн захирлын хэргийг шүүхэд шилжүүлэв

Ховд аймаг дахь Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ш.Арстан өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг НПГ-ын хяналтын прокурор хүлээн авчээ.
Улмаар Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсгийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна. 2016-2021 оны хооронд нийтийн албан тушаалтан буюу Ховд аймаг дахь Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн гүйцэтгэх захирлын алба хашиж байхдаа эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт тэрбээр холбогдсон аж. Тодруулбал, 600 сая төсөвт өртөгтэй ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулахдаа өөрийн танилын нэр бүхий компанийг сонгож, захиралд нь давуу байдал олгосон гэрээ байгуулсны хариуд 220 сая төгрөг хувьдаа авч өөртөө давуу байдал бий болгосон хэмээн Ш.Арстаныг буруутгаж буй юм.
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Мөнхбаяр даргалж, шүүгдэгч Ш.Арстан, түүний өмгөөлөгч Б.Энхзаяа, НПГ-ын хяналтын прокурор Ц.Хулан нарыг оролцуулан маргааш хэргийг хэлэлцэн шийдвэрлэхээр товлоод байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.