Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбарын даргын хэргийг шүүх дахиж дэнслэх нь

ОБЕГ-ын харьяа Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбарын даргаар ажиллаж байсан Б.Галмандах, нярав Ц.Алтан-Очир нарт холбогдох албан тушаалаа урвуулан ашигласан, эд хөрөнгө залилж авсан хэргийг шүүх дахин хэлэлцэхээр болж байна. Тэд долоон жилийн өмнө буюу 2015 оны тавдугаар сарын эхээр албан тушаалаа ашиглаж, “Өгөөж-Андууд” ХХК-д давуу байдал олгосон гэх хэрэгт холбогдсон юм.
Тодруулбал, 2015 оны тавдугаар сард албан тушаалаа урвуулан ашиглаж, Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбарын үрийн нөөцийн агуулахаас 80 гаруй сая төгрөгийн үнэ бүхий “Дархан-144” элит сортын 89 тонн улаан буудайн үрийг зээлээр олгох гэрээ, хэлцэлгүй, төлбөр тооцоо хийгээгүй дээрх аж ахуйн нэгжид хууль бусаар олгосон. Түүнийгээ нуун далдлах гэж дээрх хэмжээний улаан буудайн үр байгаа мэтээр тайлан, мэдээ, данс, бүртгэлд тусгаж байсан, өөр төрлийн энгийн улаан буудай авч залилан мэхэлсэн хэмээн буруутгагдсан юм. Мөн Б.Галмандах нь албан тушаалаа урвуулж, өөр нэг аж ахуйн нэгжид 21 сая гаруй төгрөгийн үнийн дүн бүхий дээрх сортын буудай олгож, улсын нөөцөд хохирол учруулсан хэмээн АТГ-ынхан 2018 оноос хойш шалгасан байдаг.
Уг хэргийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх өнгөрсөн тавдугаар сард хэлэлцээд Б.Галмандах, Ц.Алтан-Очир нарыг албан тушаалаа урвуулан ашигласан, эд хөрөнгө залилсан гэм буруутайд тооцсон аж. Гэхдээ эд хөрөнгө залилсан үйлдэлд нь эрүүгийн хариуцлага ногдуулалгүй, зөвхөн албан тушаалаа урвуулсан хэрэгт нь Б.Галмандахын нийтийн албанд ажиллах эрхийг гурван жил хязгаарлаж, есөн сая, Ц.Алтан-Очирын төрийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасан, 5.4 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна. Дархан-Уул аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх өнгөрсөн долоодугаар сард хохирогч байгууллагын төлөөлөгчдийн гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон юм. Улсын дээд шүүх Б.Галмандах, Ц.Алтан-Очир нарт холбогдох хэргийг хэлэлцэхээс татгалзсанаар анхан шатны шүүх дахин шийдвэрлэхээр болж байна.
Эл хэргийг 2022 оны тавдугаар сард Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцааж байв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.