Ц.Санжаачойпэлийг батлан даалтад гаргаж, хилээр гарахыг нь хязгаарлалаа

УИХ-ын гишүүн асан, “GEM групп”-ийн эзэн, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэлийг суллах шийдвэр Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн гаргалаа. Ингэснээр яллагдагч Ц.Санжаачойпэлийг өнгөрсөн бямба гарагт ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас суллав.
Тэрбээр “Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, ХААН банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, “Таванбогд групп” ХХК-ийн эзэн Ц.Баатарсайханы хүү, “Говь” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан, иргэн Л.Алтан-Очир нартай хамт өнгөрсөн долоодугаар сарын 18-19-нд шилжих шөнө иргэн Д.Саяннямбууг зодож гэмтээсэн хэрэгт холбогдсон юм.
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн Ц.Санжаачойпэлийг батлан даалтад гаргаж, хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан үндэслэлээ “Энэ сарын 19-нд яллагдагч Ц.Санжаачойпэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоох тухай өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авсан. Улмаар түүнийг нь энэ сарын 22-нд хянан хэлэлцэх явцад хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан оролцогч нарын тайлбар, дүгнэлт зэргийг судалж үзээд яллагдагч Ц.Санжаачойпэлд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан үндэслэл арилсан, цаашид түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулах боломжтой гэж шүүхээс дүгнэлээ. Тиймээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2025 оны есдүгээр сарын 27-ноос өөрчилж, мөн өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв” гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.