МУГТ Ё.Басхүү алтан медалийн төлөө барилдана
Жүдо бөхийн Чиндаогийн гран при тэмцээний хэсгийн барилдаанууд явагдлаа.
Энэ өдөр эхэлсэн жүдо бөхийн уламжлалт Чиндао гран при тэмцээний эхний өдөр уламжлалын дагуу эрэгтэйчүүдийн -60кг, -66кг, эмэгтэйчүүдийн -48кг, -52кг, -57кг жингүүдийн барилдаан явагдаж байна.
Монгол улсаас дэлхийн аваргын хошой медальт МУГТ Ё.Басхүү тэргүүтэй эрэгтэй найм, Л.Энхрийлэн тэргүүтэй эмэгтэй долоо буюу нийт 15 жүдоч зодоглохоос эхний өдөр долоон бөх татамид гарлаа. Манай бөхчүүдээс дараах бөхчүүд Улаанбаатарын цагаар 17:00 цагт медалийн төлөө барилдахаар шалгараад байна.
Эрэгтэйчүүдийн -60кг жинд
Энэ жинд хүч үзсэн манай хоёр залуу бөх хоёулаа хүрэл медалийн төлөө барилдахаар тунан үлдээд байна. Тодруулбал: Т.Түмэнжаргал хүрэл медалийн төлөө Б.Сүхбатад хэсгийн аваргын төлөө цэвэр ялагдсан залуучуудын дэлхийн аварга бөгөөд насанд хүрэгчдийн дэлхийн аваргын хүрэл медальт Японы Накамура Тайкитай хүч үзнэ. Харин нөгөө хүрэл медалийн төлөө Б.Сүхбат Унгарын бөхтэй барилдана.
Эрэгтэйчүүдийн -66кг жинд:
МУГТ Ё.Басхүү хагас шигшээ барилдаанд 2024 оны дэлхийн аварга, Японы Рёома Танакаг ороож этэх мэхээр цэвэр ялж аваргын алтан медалийн төлөө шалгарч үлдлээ. Алтан медалийн төлөө манай бөх тус жинг тэргүүлэн хүч үзэж буй дэлхийн аваргын хүрэл медальт Тажикстаны Д.Обидтэй хүч үзнэ. Хоёр бөхийн хувьд өмнө нь 2023 онд хоёр ч удаа учраа таарч байсан ба таарах бүрдээ Ё.Басхүү давж байлаа.
Эмэгтэйчүүдийн -48кг:
Г.Наранцэцэг хүрэл медалийн төлөө Тайванийн Лин Чен-Хаотой барилдана. Хоёр бөхийн хувьд 2022 оны Улаанбаатарын их дуулга тэмцээн дээр учраа таарахад Г.Наранцэцэг давж байсан түүхтэй.
Эмэгтэйчүүдийн -52кг:
Б.Уранзаяа хүрэл медалийн төлөө энэ оны Бакугийн их дуулгын хүрэл медальт БНСУ-ын Хванг Сурёонтой хүч үзнэ.
Эмэгтэйчүүдийн -57кг:
Л.Сосорбарам хүрэл медалийн төлөө БНХАУ-ын залуу бөхтэй барилдах тус тус оноолттой байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.