Б.Амарсайханыг эрүүл мэндийн шалтгааны улмаас цагдан хорих санал гаргаагүй бололтой

Б.Амарсайханыг эрүүл мэндийн шалтгааны улмаас цагдан хорих санал гаргаагүй бололтой

УИХ-ын гишүүн асан, “GEM групп”-ийн эзэн, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, хууль тогтоогч асан, “Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, ХААН банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, “Таванбогд групп” ХХК-ийн эзэн Ц.Баатарсайханы хүү, “Говь” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан, иргэн Л.Алтан-Очир нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийнхэн тун удахгүй шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжүүлэх гэж буй аж.

Тэд өнгөрсөн долоодугаар сарын 18-19-нд шилжих шөнө иргэн Д.Саяннямбууг зодож гэмтээсэн хэрэгт холбогдсон юм. Шүүхийн шинжилгээний байгууллагын удаа дараагийн дүгнэлтээр хохирогч Д.Саяннямбууд хүндэвтэр гэмтлийн зэрэг тогтоогдсон гэнэ. Хууль зүй, дотоод хэргийн, Эрүүл мэндийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан тушаалаар 2024 тавдугаар сарын 21-нд баталсан Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журамд заасныг үндэслэн гурав болон таван шинжээчийн дүгнэлтээр ийнхүү хүндэвтэр гэмтэл учирсан гэж тооцсон юм байна. Энэ хэргийн холбогдогч Б.Амарсайханыг Интерполын шугамаар эрэн сурвалжилж, Тайландад эмчилгээ хийлгээд, тус улсад оршин суух визээ сунгуулах хүсэлт гаргаад байсан бөгөөд хууль сахиулах байгууллагынхан нь албадан гаргахаар шийдвэрлэж манай улсад хүлээлгэн өгөөд буй. Тэгвэл олон нийтийн сүлжээнд ХААН банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, “Таванбогд групп” ХХК-ийн эзэн Ц.Баатарсайханы хүү, “Говь” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан их мөнгөтэй учраас хоригдсонгүй гэх хардлага иргэд бичих болсон.

Энэ талаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрынхнаас тодруулахад “Нэр бүхий дөрвөн хүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Б.А нь Монгол Улсын хилээр гарсан учир сэжигтнээр баривчлах мөрдөгчийн саналыг шүүхэд хүргүүлж, шүүхээс баривчлах шийдвэр гаргасан байдаг. Сэжигтэн Б.А-ыг гадаад улсад эрэн сурвалжлах ажиллагааг мөрдөгч явуулсан. Тэрбээр мөрдөх байгууллагад ирж мэдүүлэг өгөөд байгаа. Мөрдөгч мөрдөн байцаалтын явцад яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокурорт гарган шийдвэрлүүлдэг. Мөрдөгчөөс хараахан санал ирүүлээгүй. Бусад яллагдагч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах санал мөрдөгч ирүүлснийг прокурор үндэслэлтэй гэж үзсэн. Сэжигтэн Б.А нь хилээр гадагш гарсан, яллагдагч нар нь гадаад улсын визтэй, хилээр гарч оргон зайлж болзошгүй үндэслэлээр, нотлох баримтын хамт шүүхэд хүргүүлж, танилцуулан цагдан хорих арга хэмжээ авч байсан. Цагдан хорих хугацаа дуусах үед мөрдөгчөөс сунгуулах санал гаргасныг прокурор хянаад, өмнө гаргасан оргон зайлж болзошгүй үндэслэл арилаагүй гэж үзэн саналаа шүүхэд хүргүүлсэн. Прокурорын саналыг шүүх хүлээн авахаас татгалзсан” гэлээ.

Бидний авсан мэдээллээр Б.Амарсайхан нь эрүүл мэндийн хэд хэдэн шалтгаантай хэмээн нотлох баримт, эмнэлгийн бичгээ мөрдөгчдөд гаргаж өгснөөр түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй болсон бололтой.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.