“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулав

“Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан, дараа нь “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албыг хэсэг хугацаанд хашаад 2024 оны хавар тэтгэвэртээ гарсан Ц.Даваацэрэн болон С.Мөнхтөр нарт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг өчигдөр хийхээр товлоод байв. Гэвч аравдугаар сарын 23-ны 10.00 цаг хүртэл хойшлууллаа.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Галбадар удирдан өчигдөр эхлүүлсэн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралд иргэний хариуцагч “Медипас” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар ирээгүй бөгөөд хойшлуулах хүсэлт шүүхэд өгсөн аж. Шүүх хуралд оролцогч прокурор, зарим өмгөөлөгч нар хурлыг үргэлжлүүлэх санал гаргасан ч урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргасан талынхныг байлцуулах ёстой гэж шүүгч дүгнэснээр хойшлуулахаар шийдвэрлэлээ.
Нийслэлийн прокурорын газраас Ц.Даваацэрэн, С.Мөнхтөр нарт Эрүүгийн хуулийн 18.6-2.3-ын “Албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж мөнгө угаасан”, 22.1-2-ын “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан”, 22.10-1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон” гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэн дээрх шүүхэд шилжүүлсэн билээ. Ц.Даваацэрэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, “Ачит ихт” компанитай байгуулсан гэрээгээр 34.9 тэрбум төгрөгийн орлого олох боломжийг алдагдуулсан, тус үйлдвэрийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар барьсан “Эрдэнэт медикал” эмнэлгийг “Медипас” компанид шилжүүлж, үйлдвэрийн ажилтнуудад хөнгөлөлттэй нөхцөлөөр эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан, эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байхад “Хөрөнгө балансаас хасах” тухай тушаал гаргаж, бусдад шилжүүлэн төрийн өмчид 64.8 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон билээ. Мөн орон сууц борлуулсан гэх халхавч доор Хонконгийн оффшор бүсээр дамжуулан АНУ дахь аж ахуйн нэгж рүү 600 гаруй мянган ам.доллар шилжүүлж, мөнгө угаасан хэрэгт буруутгагдаж буй юм. Мөн уг урьдчилсан хэлэлцүүлгийн хурлын үеэр Сингапурын арбитрын шүүхээр аравдугаар сарын 2-нд нэгэн шүүх хурал болох гэж буйг тодотгосон.
Тодруулбал, “Эрдэнэт медикал” эмнэлгийг хувьд шилжүүлсэн шийдвэрийг төрөөс хүчингүйд тооцож, хөрөнгийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн баланст эргүүлэн бүртгэхээр шийдвэрлэсэн. Эл шийдвэрийг Японы хөрөнгө оруулалттай “Медипас” ХХК-ийнхан үндэслэлгүй гэж үзэн, Сингапур дахь Олон улсын арбитрын шүүхэд гомдол гаргасан байдаг. Тус шүүхээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “Медипас” ХХК-тай хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан гэж дүгнээд тус үйлдвэрээс 101.2 тэрбум төгрөг гаргуулахаар болсон аж. Үүнийг албадан гүйцэтгүүлэхтэй холбоотой шүүх хурал ирэх сарын 2-нд болох гэж буй гэнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.