Д.Ариунболд, С.Гансэлэм нарыг цагаатгасан нь үндэслэлтэй эсэхийг Дээд шүүх хэлэлцэнэ

Д.Ариунболд, С.Гансэлэм нарыг цагаатгасан нь үндэслэлтэй эсэхийг Дээд шүүх хэлэлцэнэ

“Нүүрсний” гэх хэргийн хүрээнд шалгасан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Ариунболд, Говь-Алтай аймгийн Засаг дарга асан С.Гансэлэм нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны хурлаар хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэх хурлыг гурав хоногийн өмнө товлосон ч хэсэг хугацаагаар хойшлуулаад байна.

Д.Ариунболдын хувьд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдтэй холбоотой “Нүүрсний” гэх хэрэгт холбогдон өнгөрсөн 2023 онд цагдан хоригдож байсан нэгэн. Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар 2016 оны есдүгээр сараас 2018 оны дөрөвдүгээр сар хүртэл ажилласан бөгөөд энэ үедээ бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй хэрэгт холбогдсон юм. Тодруулбал, түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа БНХАУ-ын “Urat middle Banner Tianyimengyu logistic co.ltd”, “Inner Mongolia Rong He energy”, “Бө Юу Ан Ши Ди” компанид давуу байдал бий болгож 360 000 ам.долларын хахууль авсан хэмээн буруутгасан.

Бидний авсан мэдээллээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн худалдан борлуулж буй коксжих нүүрсний тонн тутамд нэг ам.долларын хахууль авахаар тохиролцон дээрх аж ахуйн нэгжүүд 260-360 мянган тн нүүрс олгохоор гэрээ байгуулсан гэдэг. 2017 онд нээсэн 1741000150174 дугаартай дээрх хэрэгт нь Говь-Алтай аймгийн Засаг дарга асан С.Гансэлэмийн албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал олгосон гэх үйлдлийг нэгтгэн шийдвэрлэсэн. Тэрбээр Засаг дарга байхдаа Д.Ариунболдын үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжид нь Говь-Алтай аймгийн “Алтай” нисэх буудлын хуучин хөөрөх, буух зурвасын хамгаалалтын бүсэд 15 жилийн хугацаатай газар олгож, тухайн компани нь бөөний худалдааны төв барихаар болсон аж. Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгалгүйгээр Д.Ариунболдод давуу байдал олгосон хэмээн буруутгагдсан. Говь-Алтай аймгийн Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалан НПГ-ын хяналтын прокурор Ч.Батзориг, Б.Оюунцэцэг, шүүгдэгч Д.Ариунболд, С.Гансэлэм, тэдний өмгөөлөгч Д.Батсүх, Б.Баатарсайхан нарыг оролцуулан хийсэн шүүх хурлаас хахууль авсан, албан тушаалаа урвуулсан хэмээн яллах дүгнэлт үйлдсэн Д.Ариунболдын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан.

Харин С.Гансэлэмийг улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг нь таван жил хасан, 15 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн билээ. Гэтэл Говь-Алтай аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Намхайдорж, ерөнхий шүүгч Ш.Баттогтох нар оролцон өнгөрсөн долоодугаар сарын 7-нд хянан хэлэлцсэн хурлаас С.Гансэлэмийг Д.Ариунболдтой адилхан үндэслэлээр цагаатгасан байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн прокурорууд Улсын дээд шүүхэд эсэргүүцэл бичсэн бөгөөд илтгэх шүүгч нь олон хавтаст хэрэгтэй бүрэн гүйцэд танилцаж амжаагүй учраас хурлыг хойшлуулсан байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.