Паркийн газар дээр авто угаалгын газар барихыг санаархаж, зөвшөөрөл хөөцөлдөж байна

Паркийн газар дээр авто угаалгын газар барихыг санаархаж, зөвшөөрөл хөөцөлдөж байна

Үндэсний соёл, амралтын хүрээлэн буюу паркийн газар дээр зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлсэн талаар бид мэдээлсэн.

Мэдээллийг эргэн сануулахад “Юби роботикс” компани автомашин угаалгын газар байгуулахаар Үндэсний соёл, амралтын хүрээлэнтэй гэрээ байгуулж, барилгын ажлыг өнгөрөгч наймдугаар сард эхлүүлээд байсан юм. 

Тухайн байршилд Нийслэлийн Хяналт шалгалтын газраас шалгалтын ажиллагаа явуулж, зөвшөөрөлгүй, хотын А бүсэд барилга барьж байсан зөрчлийг нь зогсоож, албадан буулгах чиглэл 9 дүгээр сарын 2-ны өдөр өгсөн байдаг. Ингээд ҮСАХ, “Юби роботикс” компанийн зүгээс Нийслэлийн шаардлагыг хүлээж авч, зөвшөөрөлгүй барьсан авто угаалгын байгууламжийг буулгана гэдгээ хэлсэн ч өнөөдрийг хүртэл буулгаагүй байгаа аж.

Уг асуудлыг Нийслэлийн Хяналт шалгалтын газраас тодруулахад 10 дугаар сарын 1 гэхэд тус байгууламжийг буулгахгүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу албадан буулгуулах хүсэлтээ илгээнэ гэлээ. 

Хотын А бүсэд барилгын ямар нэг зөвшөөрөлгүй объект барьсан асуудалд зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авсан атал өнөөдрийг хүртэл байгууламжийг буулгахгүй байгаа нь асуудалтай байгаа юм. Учир нь тухайн байршилд барилга барих зөвшөөрлийг Хот байгуулалт, хотын стандартын газраас олгох юм бол байгууламжийг буулгахгүй үргэлжлүүлж болох аж.

Амралт зугаалгын цогцолбор газар зориулалтын бус, зөвшөөрөлгүй барилга бариулахгүй хэмээн арга хэмжээ авсан атал зөвшөөрөлгүй байгууламжаа буулгах нь битгий хэл барилга барих зөвшөөрөл хүсжээ. Газрын зориулалтад нийцүүлж зөвшөөрөл олгох ёстой мэргэжилтэн нь яагаад болохгүй гэж хариулж байгаа нь зориулалтын бусаар ашиглах нөхцөлийг зөвшөөрч буйгаар ойлгогдож байна.  

Товчхондоо, Паркийн газар дээр авто угаалгын газар байгуулах нь зохимжгүй. Учир нь уг газар нь иргэдийн амралт, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх зориулалттай бөгөөд авто угаалгын үйл ажиллагаа нь орчны бохирдол, эрүүл ахуйн сөрөг нөлөө үүсгэх эрсдэлтэй. ҮСАХ-гийн удирдлагууд ч газар ашиглалтын зориулалтад нийцэхгүй, зөрчилтэй үйлдэл гэдгийг мэдэж баймаар. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.