Хууль бус хөрөнгийг буцаахад AI технологи нэвтрүүлж байна

Ази, Номхон далайн бүсийн хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээ (ARIN-UP)-ний Удирдах зөвлөлийн хурал болон 10 дугаар Бүгд хурал энэ өдрүүдэд Монгол Улсад болж байна.
Энэ хурлаар “Цахим хөрөнгийг буцаан авах ажиллагаа болон хөрөнгийн менежментийн зохицуулалт” үндсэн сэдвийн хүрээнд оролцогчид мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүлж буй юм. Өөрөөр хэлбэл, цахим хөрөнгийг буцаан авахад AI технологи хэрэглэх, хэрэгт холбогдогчийг яллахгүйгээр хөрөнгө хураан авах эрх зүйн зохицуулалт, хөрөнгийн менежментийн шинэ тренд зэрэг нэвтрүүлсэн арга туршлагаасаа зарим орныхон хуваалцав.
Бүс нутгийн хэмжээнд авлигатай тэмцэж, шударга ёсыг бэхжүүлэх, хууль бус хөрөнгийн урсгалыг таслан зогсоох улс орнуудын хамтын ажиллагаанд Авлигатай тэмцэх газар (АТГ) бодит хувь нэмрээ оруулж байгаа. Тиймдээ ч Хөрөнгө буцаах сүлжээний Удирдах зөвлөлийн гишүүнээр АТГ сонгогдож, энэ онд даргалагч улсын статустай болсон аж. Ингэснээр олон улсын энэ томоохон бүгд хурлыг эх орондоо хоёр дахь удаагаа зохион байгуулж буй юм.
Хууль бус хөрөнгийн урсгалыг нэг улс дангаараа шийдвэрлэх боломжгүй. Олон улсын нягт хамтын ажиллагаа чухал байдгийг оролцогч 14 улс, олон улсын долоон байгууллагын төлөөлөл онцолж байв. Тухайлбал, АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа хэлсэн үгэндээ “АТГ сүүлийн зургаан жилийн хугацаанд авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр 20 гаруй улс, оронтой харилцаа холбоо тогтоон ажиллалаа. Хууль бус хөрөнгийн урсгал улам бүр цахим хэлбэрт шилжиж, виртуал хөрөнгө, криптовалютын гүйлгээ, хил дамнасан цахим шилжүүлэг хэлбэрээр өргөжин тэлж байна. Үүнд дасан зохицохын тулд зөвхөн хууль, эрх зүйн арга хэрэгслээр хязгаарлагдахгүй, шинэ технологи, хиймэл оюун ухааны боломжуудыг өргөн ашиглах шаардлагатай боллоо” хэмээсэн юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.