Яллагдагчаар татах тогтоолоо УИХ-ын гишүүн С.Ганбаатар гардаж авчээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатарт яллагдагчаар татах тогтоолыг нь гардуулах гэж АТГ-ын хоёр мөрдөгч Төрийн ордонд орсныг паламент дахь АН-ын бүлгийнхэн “Гүйцэтгэх ажиллагаа явууллаа” хэмээн худлаа тайлбарлаж, чуулганы үйл ажиллагааг өнгөрсөн долоо хоногт тасалдуулсан. Тэгвэл өчигдөр С.Ганбаатар Нийслэлийн прокурорын газарт очиж, яллагдагчаар татах тогтоолоо гардаж авчээ.
Үүнийхээ дараа тэрбээр АТГ-т очиж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг шалгуулахаар болсноо хэвлэлийнхэнд мэдээлсэн юм. Тэрбээр “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх саунаас хууль, хяналтын байгууллагыг удирдаж байна. Түүний эсрэг гомдлыг АТГ-т гаргаж байгаа юм.
“Тэрбум мод” хөтөлбөр, утааны мөнгө хаачив. Энэ болгоныг адилхан шалгаарай” гэв. УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ)-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал олгосон хэмээн буруутгасан. Тодруулбал, МҮЭХ-ны эзэмшлийн газарт “МДТоф” ХХК-иар барилга бариулж, түүнээсээ нэг бус орон сууцыг хамаарал бүхий хүмүүстээ хөнгөлөлттэй үнээр олгуулсан. Уг компаниар эл холбооны эзэмшлийн газарт “Юнион билдинг” хэмээх оффисын барилга бариулж, түүнээсээ 500-гаад сая төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгийг УИХ-ын гишүүн болсныхоо дараа хахуульд авсан.
Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхдаа БНСУ-ын иргэнээс 50 сая вон, “Монлаа” ХХК-ийн удирдах албан тушаалтнаас хахуульд авсан мөнгөөрөө “Ланд круйзер-300” загварын автомашин авсан гэх хэрэгт буруутгагдаж буй. Мөн “Таванбогд” ХХК-иас шинээр авсан “Жийли” загварын автомашинаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгалгүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн яллагдагчаар тооцоод байгаа билээ. Тэрбээр мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж, мөрдөгч, прокурорын дуудсанаар ирэхгүй байснаа өчигдөр анх удаа НПГ-т очиж тогтоолоо гардаж авсан нь энэ.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.