“Барилга захиалагч, орон сууцын корпорац”-ын захирлын хэргийг дахин шалгуулна

“Барилга захиалагч, орон сууцын корпорац”-ын захирлын хэргийг дахин шалгуулна

Төв аймгийн “Барилга захиалагч, орон сууцын корпорац” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар (ОНӨААТҮГ)-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Ганбаярт холбогдох хэргийг тус аймгийн шүүх дахин хэлэлцэхээр болж байна. Тэрбээр танил С.Уранчимэг гэх хүний дансаар хахууль авсан хэрэгт холбогдсон юм.

Төв аймгийн Зуунмод сумын нутагт цагдаагийн алба хаагчдад зориулсан 30 айлын орон сууцыг барьсан “Ирксибстрой” ХХК-ийн захирал Г.Нарангэрэлээс 10 сая, 90 айлын барилга барьсан “Грийн вишн констракшн” компанийн хувьцаа эзэмшигч С.Сэнгэсамбуугаас мөн хэмжээний хахуулийг дээрх хүний дансаар дамжуулан аваад эхнэртээ шилжүүлсэн хэрэгт буруутгагдсан байдаг.

Мөн “Барилга захиалагч, орон сууцын корпорац” ОНӨААТҮГ-ын албаны хэрэгцээнд “Прадо-120” загварын тээврийн хэрэгслийг нэгэн иргэнээс зах зээлийн ханшаас өндөр үнээр худалдан авч бусдад давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон юм. Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Д.Ганбаяр, С.Уранчимэг нарт холбогдох хэргийг өнгөрсөн гуравдугаар сард хэлэлцээд “Хууль зөрчин албан тушаалаа урвуулан ашиглаж бусдаас хахууль авсан гэх үндэслэлгүй байна. Иргэд хоорондын зээлийн асуудал” гэж дүгнэж уг хоёр хүнийг цагаатгасан. Үүнийг нь тус аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийнхэн хэвээр нь үлдээсэн юм.

Тэгвэл өчигдөр уг хэрэгт хяналт тавьсан НПГ-ынхны бичсэн эсэргүүцлийг үндэслэн Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч нар хянан хэлэлцээд “Шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй” гэж дүгнэлээ. Улмаар зарим зүйлийг тодруулан шалгуулах ёстой гэж үзэн прокурорын хяналтад буцаав. Ингэснээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа шүүх эхнээс нь дахин хэлэлцэн шийдвэрлэхээр болж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.