Баян-Өлгийн Боловсролын газрын дарга С.Хонаев дахиад ял шийтгүүлжээ
Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын дарга С.Хонаев болон БНХАУ-ын иргэн Хан Жинронг, Ма Шалиха, Ван Ченлин, Казахстаны иргэн Далелхан Адил нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх хурлаар хэлэлцүүлэхээс татгалзлаа.
Ингэснээр анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон ял шийтгэлийг эдлэхээр болж байна. Тус аймгийн Сагсай сумын Засаг даргаар ажиллаж байгаад Боловсролын газрын дарга болж дэвшсэн С.Хонаев нь Хятад, Казахстаны иргэдтэй хамтарч хууль бусаар ашигт малтмал олборлосон, нотлох баримт устгасан хэрэгт холбогдсон аж. Тодруулбал, Сагсай сумын нутаг, Даянгийн заставынхны хариуцсан бүс дэх Алтан Таван богдын байгалийн цогцолбор газрын Хавцал булгийн голд 2024 оны долоодугаар сарын 19-нд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайж, хоёр ч хэсэг нүх ухан шороо олборлосон гэнэ.
Улмаар тэнд алт олборлоход ашигласан эд зүйлсээ Сагсайгаас Өлгий сум ирэх хоорондоо устгажээ. Өөрөөр хэлбэл, хилчид тэдний үйл ажиллагааг зогсоон саатуулж, гэрэл зураг болон дүрс бичлэгээр баталгаажуулан цагдаагийн байгууллагад хэргийг шилжүүлэх хооронд 00-84 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачсан нотлох баримтыг С.Хонаев устгасан хэмээн буруутгагдсан байна.
Баян-Өлгийн аймаг дахь Сум дундын шүүх эл хэргийг 2025 оны нэгдүгээр сард хянан хэлэлцээд С.Хонаевыг “Сагсай сумын Засаг даргаар олон жил ажиллаж байсан, одоо тус аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга ажилтай, өөрийн улсын газар нутаг, байгалийн баялгийг хайрлан хамгаалж, аливаа хууль бус халдлагаас хамгаалах үүрэг бүхий төрийн удирдах албан тушаалтан атлаа албан тушаалын байдал, албаны эрх нөлөө зэрэг өөрт байгаа давуу байдлаа ашиглан, амар хялбар аргаар ашиг хонжоо олох зорилгоор байгалийн цогцолбор газарт хууль бусаар халдаж байх явцдаа үйлдэл дээрээ баригдсан, холбогдсон хэргийг нуун далдлах, гэмт хэргээс амар хялбар аргаар салах зорилго агуулж, ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан өөрийн хууль бус үйлдлээ ухамсарлан ойлгоогүй гэж дүгнэн 23 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ. Түүнтэй хамт хууль бусаар ашигт малтмал олборлосон хэрэгт холбогдсон өмнөд хөршийн иргэн Хан Жинронг, Казахстаны харьяат Д.Адил нарт 20 сая, Ма Шалиха, Ван Ченлин нарыг 19 сая төгрөгөөр торгохоор болсон аж.
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцээд зарим өөрчлөлт оруулсан байна. Уг хэрэгт ял шийтгүүлсэн С.Хонаевыг газар орны нэр өөрчилсөн хэрэгт 2024 оны есдүгээр сард гэм буруутайд тооцож, 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн билээ. Өөрөөр хэлбэл, С.Хонаевт холбогдох нотлох баримт устгасан, хууль бусаар ашигт малтмал олборлосон хэргийг хэлэлцэхээс урьтаад шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байв. Ийм байтал Баян-Өлгий аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхийнхэн ямар учраас ял шийтгүүлж байгаагүй хэмээсэн нь хачирхалтай.
Сэтгэгдэл (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.