БХБЯ-ны харьяа байгууллагын албан тушаалтны автомашинууд завшсан хэргийг шүүх дэнсэлнэ

БХБЯ-ны харьяа байгууллагын албан тушаалтны автомашинууд завшсан хэргийг шүүх дэнсэлнэ

Төрөөс өмнөд хилийн “Замын-Үүд” чөлөөт бүсийн дэд бүтцийг сайжруулах арга хэмжээ хэрэгжүүлж, багагүй ажил хийсэн. Гэвч энэ төслийг далимдуулж албан тушаалтнууд эд хөрөнгийг нь завшсан хэрэгт холбогдсон юм.

Тодруулбал, Барилга, хот байгуулалтын яам (БХБЯ)-ны Дэд бүтцийн ашиглалтын өмнөх захиргааны даргаар ажиллаж байсан Г.Мэндсайханд холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлж, гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр болоод байна. Тэрбээр Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төслийн гүйцэтгэгч компаниас хүлээлгэн өгсөн таван машин, механизмын хөрөнгийг завшсан хэрэгт буруутгагдаж буй юм. Тодруулбал, дугуйт ачигч, гинжит бульдозер, өөрөө буулгагч ачааны машин зэргийг албан тушаалаа ашиглан бусдад шилжүүлэн борлуулсан нь хууль сахиулах байгууллагынхны шалгалтаар тогтоогдсон аж. Улмаар тэдгээр автомашин, механизмын мөнгийг өөрөө авсны улмаас улсын төсөвт 445 сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн яллагдагчаар татагдаад байна.

БХБЯ-ны харьяанд үйл ажиллагаа явуулж байсан дээрх захиргааны дарга асан Г.Мэндсайханд Эрүүгийн хуулийн 17.4-2 дахь хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг албан тушаалын байдлаа ашиглаж завшин их хэмжээний хохирол учруулсан” гэсний дагуу яллах дүгнэлт үйлдсэн юм байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.