🔴Б.Баярбаатар: Дэлхийд газрын ховор элементийн эрэлт үүссэн үед Монгол Улс олборлолтын асуудлыг дараагийн шатанд ярих ёстой

“Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр Төрийн ордонд болж байна. УИХ-ын гишүүн, Халзан бүрэгтэйн нээлттэй сонсголын даргалагч Б.Баярбаатараас сонсголтой холбоотойгоор тодрууллаа. 

УИХ-ын гишүүн, Халзан бүрэгтэйн нээлттэй сонсголын даргалагч Б.Баярбаатар:

-Газрын ховор элементтэй холбоотойгоор төсөл хэрэгжүүлэгч компани хайгуулын үйл ажиллагаа эрхлээд явж байсан. Гэтэл өнгөрсөн хугацаанд нутгийн иргэд хайгуулын үйл ажиллагааг эсэргүүцэж, зогсоосон нөхцөл байдал үүссэн. Үүнтэй холбоотойгоор УИХ-аас нөхцөл байдлын үнэн зөвийг тогтоохоор хяналтын сонсгол явуулж байна.

Газрын ховор элементийн талаар иргэд илүү сөрөг мэдээлэлтэй байдаг. Тиймээс эхлээд зөв ойлголтыг өгөх ёстой. ГХЭ-ийг Монгол Улс түүхэндээ олборлож байгаагүй. Хэрвээ олборловол хүн амьтан, байгаль орчинд сөрөг нөлөөлөл байгаа эсэх, урьдчилан сэргийлэх, олборлох технологи, нөхөн сэргээлт хийх зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

ГХЭ-ийн ирээдүйн 30 жилийн төлөвийг харахад эрэлтийг 100 хувь гэж тооцоход өнөөдрийн нийлүүлэлт 25 хувьтай байдаг. Энэ 25 хувийн 80-аас дээш хувийг БНХАУ нийлүүлдэг. Гэтэл дахиад 75 хувийн эрэлт хэрэгцээ ирээдүйд үүссэн цаг үед манай улс газрын ховор элементийн хайгуул нөөцийг тогтоогоод, олборлолтын асуудлыг дараагийн шатандаа ярих нь зөв.

Монгол Улсад зургаан газрын ховор элементийн орд нөөц тогтоогдсон. Цаашдаа геополитик, эдийн засгийн хувьд ямар үр өгөөжтэй вэ гэдгийг тооцоолох ёстой.

Иргэд ямар асуудлаас болж эсэргүүцэж байна. Мэдээж өсөж төрсөн газар орныхоо уул усыг хөндүүлнэ гэдэг эмзэг асуудал. Ховд аймгаас 65 иргэн, Мянгад сумын төлөөллөөс 50 иргэн ирж сонсголд үзэл бодлоо илэрхийлж байна. Шинжлэх ухаанд суурилсан үнэн бодит мэдээлэл Монгол Улсын хөгжилд тулгуур болно гэж харж байна гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.