Халамж, дэмжлэгийн мөнгө авлигачдын “шагнал” болсоор байна

Халамж, дэмжлэгийн мөнгө авлигачдын “шагнал” болсоор байна

Хавтгайрсан халамжаар ард иргэдээ “угжиж”, сонгуульд санал авах хэрэгсэл болгосон улсын нэг нь Монгол. Хүн амынх нь 60-аас дээш хувь нь элдэв халамж, дэмжлэг төрөөс хүртэж, эгэл жирийн дундаж давхаргынхан түүнийх нь төлөөсийг үүрч хөдөлмөрлөж байгаа гэхэд хилсдүүлсэн болохгүй. Гэтэл энэ хавтгайрсан халамжийг далимдуулж элдэв аргаар мөнгөнөөс нь хумслах төрийн албан хаагчид, тэр дундаа дунд шатны түшмэдийн үйлдэл хэрээс хэтрэх боллоо.

 

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Н.Номтойбаярт холбогдох хэрэгт тухайн үеийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ) -ын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал, мэргэжилтэн Б.Баттөгс нар холбогдон шүүхээс ял шийтгүүлж байсныг уншигчид санаж буй.

 

ХХҮЕГ-ын албан тушаалтнууд хамтран төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурал нэг ч удаа болоогүй байхад хийсэн мэтээр баримт бүрдүүлэн, гишүүдээрээ гарын үсэг зуруулж, найман иргэн, 21 аж ахуйн нэгжид 3.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн байдаг. Шүүхээс Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Б.Баттөгс нарыг албан тушаалаа урвуулсан гэм буруутай нь тогтоогдсон гэж дүгнэсэн. Ингээд ХХҮЕГ-ын дарга, дэд даргаар ажиллаж байсан хоёр хүний нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасаж, хоёр жил хорих ял оноосон. Харин Н.Номтойбаярыг албан үүрэгтээ хайнга хандсан буруутай гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 23.5-1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, нэг жил хорих ял болгож өөрчилж байв.

 

ХНХЯ-ны харьяа, БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв (ХНХҮТ)-ийн даргаар ажиллаж байсан Д.Баярмандах албан тушаалаа урвуулан ашиглаж, тус улсын “Хана” банк дахь данснаас 49.6 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний вон авч завшсан хэрэгтээ 10 сая төгрөгөөр торгох ял шийтгүүлж, нийтийн албанд ажиллах эрхээ гурван жил хасуулаад буй.

 

Баян-Өлгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрынхан талийгаач нар, Монгол Улсын харьяатаас гарсан иргэдийн нэрээр халамж завшсан хэрэгт ял шийтгүүлсэн явдал ч бий. Энэ мэтээр хуучнаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа агентлагийн дунд шатны албан тушаалтнууд төрөөс зорилтот бүлэгт зориулан баталсан, татвар төлөгчдийн халааснаас гардаг хөрөнгөөс завшиж, өөрсдийгөө болон хамаарал бүхий хүмүүсээ “шагнаж” буй хэргүүдийг шүүх, прокурорын байгууллагад хянаж байна.

 

САНХҮҮГЭЭ БАРЬДАГ, ЗАХИРГААГАА Ч “БАЗДАГ” ГЭХ ДАРГЫН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ

 

ХНХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Л.Батсайханд холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлээд байна. Эл яаманд багагүй хугацаанд ажиллаад 2024 оны сонгуулийн дараа гэнэт ажлаа өгсөн түүнтэй хамт хоёр ч хүнд бусдаас хээл хахууль авсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн 22.4-1, 22.4-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хясан боогдуулах аргаар үйлдсэн, эсхүл их хэмжээний хахууль авсан” гэх заалтын дагуу яллагдагчаар тооцсон аж.

 

Л.Батсайханы талаар яамныхан нь “ТЗУГ-ын даргын албан тушаалыг хашихаас гадна санхүүгийн дарга мэт л авирладаг байсан. Албан тушаалаа урвуулж, их хэмжээний мөнгө нааш, цааш болгосон байж болзошгүй хэмээн АТГ-ынханд шалгуулж буй дуулдсан. Л.Энх-Амгаланг сайд болж ирэхтэй зэрэгцээд ажлаа өгөөд явсан хүн. Манай яамнаас гараад Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд ажиллах болсон гэж байсан. Саяхан өөрчлөгдсөн гэнэ билээ” хэмээн өгүүлж байв.

 

Прокурорын байгууллагын албан ёсны мэдээлэлд дурдсанаар Л.Батсайхан нь ХНХЯ-ны харьяа байгууллагаас зарласан тендерт шалгарсан аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулах, шаардагдах хөрөнгийг нь улсын төсөвт тусгуулж, хэрэгжилтийг хангах, гүйцэтгэлд хяналт тавих албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсан хэрэгт яллагдагчаар татагдсан аж. Түүнтэй хамт Э.Б, Г.А гэх хүн хэрэгт буруутгагдаж буй юм байна. Л.Батсайханыг тендерт шалгарсан аж ахуйн нэгжийн удирдлагуудаас 100 гаруй сая төгрөгийн хахууль авсныг АТГ-ынхан мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон гэх мэдээлэл бий. Мөн өөр нэг компанийнхнаас дээрх гурван албан тушаалтан 155 сая төгрөг авсан хэрэгт холбогдсон юм билээ. 

 

Тэгвэл яамных нь албан бус эх сурвалжууд “Орон нутгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрууд руу мөнгө шилжүүлээд түүнийгээ цааш нь МҮХАҮТ руу дамжуулсан байж болзошгүй гэх мэдээлэл байдаг. Энэ мэдээллийг уг нь хууль хяналтын байгууллагынхан анхааралдаа авч шалгах ёстой л санагдана. Тендерийн үнийн дүнд хүрэхгүй мөнгийг шилжүүлдэг гэсэн мэдээлэл бий” хэмээсэн юм. 

 

ЭРСДЭЛТ НӨХЦӨЛД БАЙГАА ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН ТЕНДЕРИЙН МӨНГӨ ХААЧСАН БЭ

 

ХНХЯ-ны харьяа Хүүхэд, гэр бүл, хөгжил, хамгааллын ерөнхий газрын Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Ш.Чинбат, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Мөнхнасан, иргэн Б.Байгалмаа нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн хэлэлцэхээс татгалзлаа. Ингэснээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх тэдэнд холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэх ёстой болж байна.

 

2019 онд   Хүүхэд, гэр бүл, хөгжил, хамгааллын ерөнхий газраас “Алслагдсан хороодын эрсдэлт нөхцөл байдалд байгаа хүүхдийг хөгжлийн төвөөр дамжуулан хамгааллын үйлчилгээ үзүүлэх” тендер зарласан аж. Нийт төсөвт өртөг нь 49.9 сая төгрөгийн үнийн дүнтэй уг ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт иргэн Б.Байгалмаа оролцон ялж, санхүүжилтийг нь авахын тулд нэгэн хүнээр дамжуулан Ш.Чинбат, Г.Мөнхнасан нарт нөлөөлж, өөртөө давуу байдал бий болгуулсан хэрэгт холбогджээ. Уг нь хууль журмаараа бол энэ тендерт оролцох урилгыг хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудад хүргүүлэх ёстой байж. Гэтэл Хүүхэд, гэр бүл, хөгжил, хамгааллын ерөнхий газрын Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Ш.Чинбат, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, тендерийн үнэлгээний хорооны даргаар ажиллаж байсан Г.Мөнхнасан нар албан тушаалаа урвуулан ашиглаж, нэр бүхий төрийн бус байгууллагуудын оролцох эрхийг хязгаарлаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан харьцуулсан сонгон шалгаруулалт явуулалгүйгээр иргэн Б.Байгалмаагийн хамаарал бүхий төрийн бус байгууллагыг тендерт ялуулсан. Улмаар гэрээ байгуулах эрх олгосны дагуу 2019 оны ес болон арванхоёрдугаар сард Б.Байгалмаад 49.4 сая төгрөгийн санхүүжилт олгосон хэрэгт холбогдоод буй юм. Уг санхүүжилтийн 50 хувийг Б.Байгалмаа хамтарсан төрийн бус байгууллагынхантайгаа хуваалцсан гэнэ.

 

Уг хэрэгт Хүүхэд, гэр бүл, хөгжил, хамгааллын ерөнхий газрын Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Ш.Чинбатыг буруутгаж буй гол үндэслэл нь “тендер шалгаруулалтын талаар мэдээлэл авах, аргачилсан зөвлөгөө өгөх” нэрээр сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд үнэлгээний хорооны дарга Г.Мөнхнасанд нөлөөлж, улмаар урилгыг нь өөртөө аван Б.Байгалмаад өгч, хамаарал бүхий төрийн бус байгууллагад нь давуу байдал олгосон аж. 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Галдбадар даргалан Ш.Чинбат, Г.Мөнхнасан, Б.Байгалмаа нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнгөрсөн дөрөвдүгээр сард хийгээд “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай, улсын төсөвт учирсан хохирлын хэмжээг тогтоож хариуцвал зохих буруутай этгээдийг иргэний хариуцагчаар татах ёстой” гэж дүгнэн прокурорт буцаах захирамж гаргасан юм. Уг захирамжийг нь НПГ-аас эсэргүүцэн нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон байна. 

 

Энэ мэтээр өнөөгийн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа агентлагт төсвөөс хуваарилдаг, зорилтот бүлгийн иргэд чиглэсэн төсөл, хөтөлбөр, дэмжлэг, халамжийн хөрөнгийг шамшигдуулан завшсан гэх хэрэгт төрийн дунд шатны цөөнгүй албан тушаалтан, түшмэд нь холбогдоод буй юм. Зарим нь хэрэгт шалгуулах болмогцоо албан тушаалаа өгөөд алга болсон гэдэг. Нэг хэсгийг нь албан тушаалаас нь сайд, дарга нарынх нь шийдвэрээр чөлөөлж ч байгаа. Дээр дурдсан хэрэгт холбогдогчдын дунд үе үеийн улс төрчдийн шахаа, Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүний нутаг нуга, найз нөхөд гээд элдэв хамааралтай хүн ч байсан бололтой юм. Хэн нэгний шахаа, татаасаар өндөр албаны түшмэл болчхоод зорилтот бүлгийнхэнд чиглэсэн санхүүжилтээр өөрсдийгөө “шагнаад” буй юм биш биз. Энэ бүхнийг шүүх эцэслэн тогтоох л учиртай.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.