Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчсөн 13 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоожээ

Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчсөн 13 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоожээ

Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, нутгийн иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар энэ сарын 03-12-нд Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн аж ахуйн нэгжүүд, бичил уурхайн дүгнэлт гарсан талбайд төлөвлөгөөт бус шалгалт хийжээ.

Ингэхэд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд уурхайн талбайд зайлшгүй байлгах бичиг баримтын бүрдэл дутуугаар үйл ажиллагаа явуулсан, хүчин чадлаа хэтрүүлсэн, батлагдсан зураг төслийг мөрдөн ажилладаггүй нь илэрчээ. Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийг ч зөрчсөн байна.

Иймд 13 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу холбогдох арга хэмжээ авч, бичил уурхайгаар ашигт малтмал олборлохдоо 3500 см3 илүү багтаамжтай дотоод шаталтат хөдөлгүүрт нэгээс илүү техник ашиглах, өмнө нь хөндөгдөөгүй болон нөхөн сэргээлт хийсэн талбайд ажилласан 7 нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсоож, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу холбогдох арга хэмжээг авав.

551112981 1139009168418706 2253928917178748472 n 130318 1506705868

  • Хууль бусаар ашигт малтмал олборлосон Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Нарангийн гол орчимд өөрийн техник, тоног төхөөрөмжөө бусдад түрээсийн гэрээгээр ажиллуулж, хамтран хууль зөрчиж, ашигт малтмалын олборлосон,
  • Ерөө сум Бугант тосгонд байрлах Бэрлэгийн цагаан тохойгоос Ерөө гол дагуу хууль бусаар ашигт малтмал олборлосон, Бугант тосгоноос 35 км-т Хүнгүйч-Зүр хүзүү уулын арын хэсэг Ерөө голын эрэг орчимд хууль бусаар ашигт малтмал олборлосон,
  • Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын төвөөс 5 км зайд Баян ханы өвөр гэх нэртэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлгүйгээр олборлосон,
  • Алтанбулаг сумын нутагт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох хайгуулын тусгай зөвшөөрөлтэй боловч тусгай зөвшөөрлийн талбайн гадна ашигт малтмал олборлосон,
  • Төв аймгийн Заамар сумын нутаг Нарангийн энгэр нэртэй газар байрлах XV-41000277 хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн хажууд 50 м орчмын зайд иргэн аж ахуйн нэгжүүд хувиараа ашигт малтмал олборлосон үйлдлийг илрүүлж, нотлох баримт, газар зүйн байршлын хамт орон нутаг дахь Цагдаагийн газрын Экологийн цагдаагийн хэлтэст шилжүүллээ.

​Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам нь цаашид холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлтийг хийх, хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх, хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжийг үйл ажиллагааг таслан зогсоох чиглэлээр холбогдох хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөн ажиллаж байна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам мэдээлэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.