ЦОБА ХХК-ийн менежерээс хахууль авсан газрын албаныхны ялыг хэвээр нь үлдээжээ

ЦОБА ХХК-ийн менежерээс хахууль авсан газрын албаныхны ялыг хэвээр нь үлдээжээ

 Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын II албаны зохион байгуулагч О.Сайнбаяр, тус албаны гэрээт ажилтан Э.Цэнгэлмаа, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэгч Э.Номинзул, Азийн хөгжлийн банкны Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн мэргэжилтэн М.Сэргэлэн, ЦОБА ХХК-ийн менежер М.Батбаяр, иргэн Ж.Эрдэнэсайхан, А.Сэсэнжав, Б.Давхарбаяр, Б.Анхбаяр нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хянан хэлэлцлээ.

Анхан шатны шүүхээс хорих ял шийтгүүлсэн О.Сайнбаяр, Э.Цэнгэлмаа нар болон тэдний өмгөөлөгчид тус шүүхэд гомдол гаргасан аж. Баянзүрх дүүргийн нутагт ЦОБА ХХК-ийнхан “Хадат вилла” төслөө хэрэгжүүлэхийн тулд иргэдээс худалдан авсан газраа тус компанийн захирал Ц.Баасандоржийн эхнэр Ж.Галмандахын нэр дээр бүртгүүлж, 15 жилийн хугацаатай газар эзэмших гэрчилгээ гаргуулан авсан байдаг. Уг гэрчилгээг авахын тулд Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын II албаны зохион байгуулагч О.Сайнбаярт ЦОБА ХХК-ийн лиценз менежер гэх албан тушаал хашдаг М.Батбаяр 2023 оны нэг болон гуравдугаар сард хахууль өгсөн хэрэгт холбогдсон юм.

Мөн иргэн Ж.Эрдэнэсайхан, А.Сэсэнжав, Б.Давхарбаяр, Б.Анхбаяр болон тэдний хамаарал бүхий хүмүүст газрын гэрчилгээ гаргуулж авах нөхцөл байдлыг бүрдүүлж өгснийхөө төлөө 1-10 хүртэл сая төгрөгийн хахууль авсан хэмээн буруутгагдсан. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын II албаны гэрээт ажилтан Э.Цэнгэлмаа нь ээж, эгч нарынхаа гэр бүлд давуу байдал бий болгож, Улиастайд газар эзэмших гэрчилгээ гаргуулсан, Э.Номинзул, М.Сэргэлэн нар хамаарал бүхий 10 хүндээ Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг, Шарын аманд тус бүр нь 700 ам метр газар эзэмшүүлэх гэрчилгээ гаргуулан авч, найман сая төгрөгийн хахууль О.Сайнбаярт өгсөн хэрэгт холбогдсон юм.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх уг хэргийг өнгөрсөн зургаадугаар сард хэлэлцээд О.Сайнбаярыг албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, Э.Цэнгэлмаа хамтарч хахууль авсан гэм буруутайд тооцов. Мөн ЦОБА ХХК-ийн лиценз менежер М.Батбаяр, иргэн Ж.Эрдэнэсайхан, А.Сэсэнжав, Б.Давхарбаяр, Б.Анхбаяр, нийтийн албан тушаалтан Э.Номинзул, М.Сэргэлэн нарыг дээрх хоёр хүнд хахууль өгсөн гэм буруутай гэж дүгнэсэн. Улмаар О.Сайнбаярт дөрөв, Э.Цэнгэлмаад хоёр жилийн хугацаагаар хорих ял оноосон. ЦОБА ХХК-ийн лиценз менежер М.Батбаярт нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасаж, дөрвөн сая төгрөгөөр торгох ял оноолоо. Харин бусад шүүгдэгчдийн нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасаж, 2.7-5 сая төгрөгөөр торгох ял шийтгээд байсан юм. Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж, гомдлыг нь хэрэгсэхгүй болголоо.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.