Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх удирдлагад холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимынхан хэлэлцэхээс татгалзлаа. Ингэснээр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх дахиж хэлэлцэн шийдвэрлэхээр болж байна. 

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын II багийн нутаг, Өлөнт гэх газарт “Далдшугам” ХХК, түүний захирал Ш.Болдбаатар 2023 оны зургаадугаар сарын 8-9-нд тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан алт олборлосон хэрэгт холбогдсон аж. Фермерийн аж ахуй, газар тариалан эрхлэх, аялал жуулчлал, гадаад худалдаа, барилгын засвар, засал чимэглэлийн чиглэлээр үйл явуулдаг тус компанийнхан дээрх газарт нэг бус удаа хууль бусаар алт олборлож байж. Ш.Болдбаатар захиралтай “Далдшугам” ХХК-ийнхан “Монлид трейд” гэх компанитай 2022-2023 онд нөхөн сэргээлт хийх, ашигт малтмал олборлох гэрээ байгуулж бүртгүүлээгүй атлаа алт ухаж авсан хэмээн Экологийн цагдаагийн албаныхан шалгаж, эксковатор зэргийг битүүмжилж, Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлджээ.

Улмаар Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлснийг хэлэлцээд цагаатгах тогтоол гаргасан байна. Үүнийг нь прокурор эсэргүүцэн Сэлэнгэ аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсанаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болсон юм. 

“Далдшугам” ХХК-ийнхан өмнө нь 2020 оны наймдугаар сард “Монлид трейд” компанитай нөхөн сэргээлтийн гэрээ хийсэн атлаа зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлон байгаль орчинд 30 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдож, захирал нь торгох ял шийтгүүлж байжээ. Түүгээр ч зогсохгүй хууль бусаар олсон 230 гр алтны үнэ 42 сая гаруй төгрөгийг хохирол, хор уршгийг төлүүлэхэд зарцуулж, илүү гарсныг нь, мөн техник хэрэгслийн үнэ болох 35 сая гаруй төгрөгийг улсын орлогод хураасан юм

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.