🔴 О.Алтангэрэл: Хэн нэгэн хүн 10 тэрбум долларын алдагдалтай гэж ярихаар үнэн болохгүй
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын хэлэлцээр, түүнд уялдах "Чайна энержи"-д нүүрс борлуулах урт хугацааны гэрээг шүүмжилж мэдээлэл хийсэн билээ. Уг асуудлаар УИХ-ын гишүүн О.Алтангэрэлээс тодрууллаа.
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:
-Хэн нэгэн хүн тоо зохиогоод, "10 тэрбум долларын алдагдалтай" гээд яриад явж болохгүй. УИХ-аар төмөр замын хил холболттой холбоотой тогтоол гаргасан. Энэ тогтоол дээр юуг анхаарах, ямар асуудал тусгах талаар Засгийн газарт чиглэл өгсөн. Одоо Засгийн газар ажлаа хийж байна уу, гэрээний үүргээ биелүүлсэн юм уу, үгүй юм уу гэдгийг анхаарах ёстой. Энэ гэрээ байгуулагдаад хэдхэн сар болж байна. Яваандаа нүүрсний үнэ буурвал яах юм. Эргээд Монгол Улсад хэдэн тэрбум долларын ашигтай болох ч юм бил үү. Ноцтой асуудал байгаа бол аудитын байгууллага дүгнэлтээ гарга. Одоо ямар нэг байдлаар дүгнэлт хийхэд эрт байна.
-Нүүрсний экспортын үнийг хэт доогуур тогтоосон гээд байгаа шүү дээ?
-Дүгнэлт л гаргах ёстой. Нүүрсний үнэ ямар үнэтэй байгаа юм, цаашдаа хэр өсөхөөр байна, дэлхийн зах зээлийг чиг хандлага хаашаа байна гэдгээ тооцоолох ёстой. Тухайн үед УИХ-ын чуулган дээр нэлээн сайн ярилцаж, дүгнэлт гаргаж ажилласан. Би бол уг асуудлыг дэмжсэн. Олон жил гацсан яриа хөөрөөний бай болсон хил холболт хийгдэх ёстой, төмөр зам тавигдах ёстой шүү дээ. Одоо гацаах зогсоох юм яриад байна. Хил холбогдох ёстой, нүүрсээ зарах ёстой, манай улс мөнгөтэй болох ёстой. Тийм учраас би дэмжиж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.