“Элф эдүкэйшн” ХХК-ийн дэд захирал А.Сумъяабатад ял шийтгэлээ

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд ELFC гэх нэртэй коин гаргаж, бусдын хөрөнгийг татан төвлөрүүлж мэхэлсэн хэрэгт холбогдсон А.Сумъяабатын гэм буруутай, эсэхийг хянан хэлэлцлээ.
Монголчууд коинд “шуурсан” жил ELFC гэх коиныг гаргаж, 4700 иргэний мөнгийг завшиж, 1.2 тэрбум төгрөгийн ашиг олсон, түүнийгээ хууль бусаар ашигласан гэх хэрэгт “Элф эдүкэйшн” ХХК-ийн дэд захирал албан тушаалтай дээрх хүн холбогдсон юм. Тус компанийн удирдлагууд өөрсдийн гаргасан ELFC нэртэй коиныг биржээр дамжуулан борлуулахдаа виртуал хөрөнгийн үнэ цэнд нөлөөлөх дотоод мэдээллийг ашиглан нууцаар арилжаанд оролцож, мөнгө угаан 1.2 тэрбум төгрөгийн ашиг олсон хэмээн буруутгагдсан юм. Тэд анхдагч зах зээлийн арилжаанд оролцсон 4700 гаруй хүнийг хууран мэхэлсэн хэмээн яллагдагчаар татагдсан байдаг. Уг хэрэгт А.Сумъяабатаас гадна дээрх компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Б.Батжинг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.
Гэвч Б.Батжин мөрдөн шалгах ажиллагаанаас оргож, хилээр гарч явсан учраас үйлдлийг нь тусгаарлан А.Сумъяабатад Эрүүгийн хуулийн 18.19-2.2-ын “Албан тушаалаа ашиглаж виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашигласан” гэх заалтын дагуу Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм. Анхан шатны шүүх А.Сумъяабатад холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр нэг бус удаа буцааж байсан ч давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэх ёстой хэмээн дүгнэсэн. Ингэснээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Түмэннаст шүүх хурлыг даргалан явуулаад зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, А.Сумъяабатыг нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллээ ашиглаж арилжаанд оролцон, орлого олсон гэм буруутайд тооцож, 10 сая төгрөгөөр торгох ял оноолоо. Улмаар виртуал хөрөнгийн арилжаанд оролцож олсон орлого болох 204 сая төгрөгийг түүнээс гаргуулахаар шийдвэрлэжээ. Эрүүгийн хуульд 2021 оны арванхоёрдугаар сарын 17-нд орсон нэмэлт, өөрчлөлтөөр иргэд болон хуулийн этгээд коин гаргах, түүнтэй холбоотой үйлчилгээ эрхлэхтэй холбоотойгоор хууль зөрчвөл хариуцлага тооцохоор хуульчилсан. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 18.19 дүгээр зүйлд “виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах”, 18.20 дугаар зүйлд “виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашиглах” үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор заасан билээ. Үүнээс хойш коин гаргаж, арилжаанд оролцон иргэдийн хөрөнгийг завшсан нэр бүхий хүмүүсийг Эрүүгийн цагдаагийн албаныхан шалгаж, шүүхээр шийдвэрлүүлэх болсны нэг нь энэ юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.