Мялзангийн вакцины хөрөнгө завшсан хэмээн буруутгагдсан хүмүүсийн хэргийг дахин шүүхэд шилжүүллээ

Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ)-ын дарга асан Д.Түмэндэмбэрэл, ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан З.Батсүх нарт холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр гурав дахь удаагаа шүүхэд шилжүүллээ.
Тэд хамтарч “Яаралтай дархлаажуулалт” нэрийн доор МЭЕГ-аас тендер зарлалгүйгээр Энэтхэгийн “Heister biosciences limited” компанитай мялзангийн вакцин худалдан авах шууд гэрээ байгуулж, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгагдсан билээ. Тодруулбал, 2018-2020 оны хооронд 16 сая тун мялзангийн вакциныг нэг тунг нь 0.093 центээр шууд гэрээ байгуулан авсан байдаг. Ингэснээрээ 778 000 орчим ам.доллар буюу тухайн үеийн Монголбанкны ханшаар тооцсоноор хоёр тэрбум 78 сая гаруй төгрөгийг дээрх хүмүүс бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины хөрөнгөөс завшсан хэрэгт холбогдсон. Үүнээс гадна охиныхоо нэр дээр бэлэн 291 сая төгрөгөөр орон сууц худалдан аваад түүнийхээ хөрөнгийн эх үүсвэрийг 2018-2020 онд гаргасан ХАСХОМ-тээ тусгалгүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн Д.Түмэндэмбэрэлийг буруутгасан байдаг.
Нэмэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад улсын төсвөөс Энэтхэгийн компани руу шилжүүлсэн төлбөр нь гурван тэрбум 927 сая төгрөгөөр тогтоогдсон аж. Харин Д.Түмэндэмбэрэлтэй хамт уг хэрэгт холбогдсон З.Батсүхийг өөртөө хоёр тэрбум 78 сая төгрөгийн давуу байдал бий болгож мөнгө угаасан хэмээн буруутгаж байна. НПГ-аас Д.Түмэндэмбэрэлд Эрүүгийн хуулийн 22.1, 22.10 дэх хэсэгт заасан албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн яллах дүгнэлт үйлдсэн бол З.Батсүхэд 18.6-2.2 дахь хэсгийн мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн хэмээн яллагдагчаар тооцон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлээд байна.
Тэдэнд холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусаад өмнө нь нэг удаа Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ч шийдвэрлэлгүй, нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаасан юм. Уг нэмэлт ажиллагааг нь хийгээд одоогоос жил гаруйн өмнө буюу 2024 оны наймдугаар сард дахин дээрх шүүхэд шилжүүлсэн ч бас л буцааж байсан билээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.