🔴Малчид: "Гацуурт" ХХК-ийн удирдлагууд байгаль орчинд хохирол учруулж, хүний эрхийг зөрчиж байна
Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт "Гацуурт" ХХК-ийн удирдлагууд байгаль орчинд хохирол учруулж, хүний эрхийг зөрчсөн талаар нутгийн малчин иргэд мэдээлэл хийв.
Малчин иргэдийн төлөөлөл:
-"Гацуурт" ХХК 2017 онд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан батлуулахгүйгээр, багийн иргэдийн хурлаас санал авалгүй уул уурхайн үйл ажиллагаа явуулсан. Одоогийн мөрдөгдөж буй хуулиар энэ тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлуулах, эрүүгийн хэргээр хариуцлага хүлээлгэх ёстой. Малчдын олон тооны мал үхэж буй асуудлаар 2018 онд Цагдаагийн байгууллагад хандсан байдаг ч хохирол барагдуулаагүй өнөөдрийг хүрсэн.
"Гацуурт" ХХК 2025 онд дахин уул уурхайн үйл ажиллагаа явуулахаар ирсэн. Орон нутгийн хууль хүчний байгууллага уул уурхайн албат мэт, иргэдийг дарамтлах нөхцөл байдал үүсээд байна.
Мөн олон мянган жилийн түүхтэй соёлын өв тус газарт байдаг. Гэтэл мэргэжлийн байгууллага эсэх нь мэдэгдэхгүй хүмүүс ирж, олон тооны соёлын үнэт дурсгал байхгүй гэсэн дүгнэлт гаргасан байна. Үүнээс археологийн байгууллага уул уурхайн компанитай үгсэн хуйвалдаж, соёлын өвийг устгаж байгаа нь батлагдаж байна. Тиймээс "Гацуурт" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар Засгийн газар, Ерөнхий сайдтай уулзах хүсэлтэй байна гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.