Паркийн газар дээр автомашин угаалгын газар зөвшөөрөлгүй барьж байсныг албадан зогсоож, буулгахаар боллоо

Паркийн газар дээр автомашин угаалгын газар зөвшөөрөлгүй барьж байсныг албадан зогсоож, буулгахаар боллоо

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн зүүн урд талд зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлжээ.

Тодруулбал, дээрх байршилд “Юби роботикс” ХХК автомашин угаалгын газар байгуулахаар Үндэсний соёл, амралтын хүрээлэнтэй гэрээ байгуулжээ. Тус компани барилгын ямар нэг зөвшөөрөлгүй, хотын А бүсэд барилга барьж байсан зөрчлийг зогсоохоор НХШГ-ын дарга С.Энхбаяр болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа. 

Улсын байцаагчийн заасан хугацаанд компани тус байгууламжийг буулгахгүй бол улсын зардлаар нурааж, гарсан хөрөнгийг зөрчил гаргасан этгээдээр төлүүлнэ. Хотын төвийн А бүсэд зөвшөөрөлгүй барилга байгууламж бариулах эрх Үндэсний соёл амралтын хүрээлэнд байхгүй гэдгийг хэлж байна.

Энэ талаар Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр:

-Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах, зорчих нөхцөл бололцоог хангах үүднээс дагаж мөрдөж байгаа холбогдох стандартуудын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна. ҮСАХийн эзэмшлийн газар дээр уржигдраас зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлсэн байна. Улсын байцаагч холбогдох бичиг баримтуудыг шалгахад энэ байгууламж нь барилгын ажлын даалгаваргүй, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй,  Барилгын хөгжлийн төвд зураг төслөө батлуулаагүй зэрэг зөрчилтэй байсан. Тиймээс өнөөдөр ҮСАХ-гийн удирдлага“Юби роботикс” ХХК-ийн төлөөлөлтэй уулзлаа. Тухайн газар нь ҮСАХ-гийн эзэмшил бөгөөд “Юби роботикс” ХХК-тэй түрээсийн гэрээ байгуулж, авто угаалгын газар барихаар тохиролцсон байна.

Тиймээс бид албан шаардлага хүргүүлж, барилгын ажлыг зогсоолоо. Тус байгууллагад торгуулийн арга хэмжээ авч, уг байгууламжийг богино хугацаанд буулгуулна. Улсын байцаагчийн заасан хугацаанд компани тус байгууламжийг буулгахгүй бол улсын зардлаар нурааж, гарсан хөрөнгийг зөрчил гаргасан этгээдээр төлүүлнэ.

Мөн Үндэсний соёл, амралтын хүрээлэн энэ газрыг амралт, зугаалгын цогцолборын зориулалтаар ашиглахаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас зөвшөөрөл авсан. Хотын төвийн А бүсэд зөвшөөрөлгүй барилга байгууламж бариулах эрх Үндэсний соёл амралтын хүрээлэнд байхгүй гэдгийг хэллээ.

ҮСАХ-гийн Мэдээлэл, технологи, техник үйлчилгээний газрын захирал А.Дөлгөөн:

-Бид хуулийн хүрээнд Нийслэлтэй хамтарч ажиллана. Зөвшөөрөлгүй барилга байгууламж буух ёстой гэж байгаа тул ҮСАХ-гийн зүгээс буулгах дээр санал нэг байгаа. Торгууль ноогдуулсныг ч төлж барагдуулна гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.