МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал асан Т.Дүүрэн нэг сая ам.доллартой тэнцэх коин авч, мөнгө угаажээ

МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал асан Т.Дүүрэн нэг сая ам.доллартой тэнцэх коин авч, мөнгө угаажээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлээд байх үедээ авлигын хэрэгт яллагдагчаар татагдан цагдан хоригдсон, гүйцэтгэх захирал асан Т.Дүүрэнд холбогдох хэргийг өдгөө хэрхэж буй нь тодорхойгүй болов.

Түүнийг, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан, МҮХАҮТ-ын зөвлөх гэх албан тушаал хаших болсон Н.Цэрэнбат нарыг эрх мэдлээ урвуулсан, төсвийн олон тэрбум төгрөгийг шамшигдуулсан хэрэгт яллагдагчаар тооцон 2020 оноос хойш шалгаж буй билээ. Ингэхдээ БОАЖЯ-наас хэрэгжүүлэхээр зарласан “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийн лаг, хог хаягдлыг байгальд ээлтэй аргаар шатааж, устгах туршилтын төслийг хэрэгжүүлэх үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авах” 3.5 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй тендерийн хөрөнгийг завшсан хэмээн буруутгасан. Уг тендерт ХБНГУ-ын “B2 Bio-to-power Gmbh” гэх компанийг шалгаруулахад Т.Дүүрэн сайд Н.Цэрэнбатын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байхдаа гол нөлөөтэй оролцож, хуульд заасан шаардлага хангахгүй компанитай гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн хэрэгт холбогдуулсан юм. Ингэж хууль бус тендерийг шалгаруулсны улмаас улсад 2.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан аж. Тэд Германы дээрх компанитай ижил нэртэй аж ахуйн нэгжийг Монголд байгуулж, нэгэн хүнийг захирлаар нь томилоод уг мөнгийг 2019 онд шилжүүлж аван зувчуулсан гэдэг. Үүнээс гадна Т.Дүүрэн нэгэн арилжааны банкан дахь, МҮХАҮТ-ын хадгаламжийн данснаас нэг сая ам.доллар авсан гэнэ. Улмаар түүгээрээ олон удаа коин худалдан авч, мөнгө угаасан хэрэгт буруутгагдаж буй юм.

Өдгөө Т.Дүүрэн Эрүүгийн хуулийн 22.12-1-ийн “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан”, 18.6-1-ийн мөнгө угаасан гэх заалтын дагуу яллагдагчаар татан шалгаж байгаа аж.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.