“Азын” дугаараар “ашиг олсон” гэх ЗТХЯ-ны мэргэжилтэнд оноосон торгох ялыг хэвээр нь үлдээлээ

“Азын” дугаараар “ашиг олсон” гэх ЗТХЯ-ны мэргэжилтэнд оноосон торгох ялыг хэвээр нь үлдээлээ

Автомашины “азын” гэгдэх ижил тоо, цифртэй дугаарыг албан тушаалаа ашиглаж бусдад худалдан борлуулсан хэрэгт холбогдсон ЗТХЯ-ны мэргэжилтэн асан Б.Эрдэнэтуяа, дугаарын ченж Н.Дөлгөөн нарт холбогдох хэргийг тэдний өмгөөлөгчидтэйгөө хамтарч гаргасан гомдлын дагуу нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хянан хэлэлцлээ.

Тэдэнд холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд хэлэлцээд Б.Эрдэнэтуяагийн төрд ажиллах эрхийг гурван жил хасаж, 18 сая төгрөгөөр торгох, Н.Дөлгөөний нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хязгаарлан, 6.5 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн юм. Б.Эрдэнэтуяа нь ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээврийн ухаалаг систем, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа азын гэх 32 дугаарыг тус бүрийг нь 450 мянгаас 1.5 саяар борлуулж, нийт 23 сая гаруй, Н.Дөлгөөнд 10 гаруй сая төгрөгийн ашиг олох боломжийг бүрдүүлсэн хэрэгт холбогдсон юм.

Тэдэнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны дөрөвдүгээр сард хэлэлцэн шийтгэх тогтоол гаргасан юм. Ингэхдээ Б.Эрдэнэтуяагийн нийтийн албанд ажиллах эрхийг гурван жил хасаж, хоёр жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж байв. Харин Н.Дөлгөөний нийтийн албанд ажиллах эрхийг дээрх хугацаагаар хасаж, 5.4 сая төгрөгөөр торгох ял оноосон юм. Анхан шатны шүүхийн эл шийтгэх тогтоолыг эл хоёр шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нар болон НПГ-ын хяналтын прокурор эсэргүүцэж нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсанаар уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм. Үүний дагуу анхан шатны шүүх дахин хэлэлцээд ял оноосон аж.

Тэгвэл нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын гомдлын дагуу хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд “Б.Эрдэнэтуяа нь 2019 оны долоодугаар сарын 8-наас 2021 оны тавдугаар сарын 13-ныг хүртэл ажиллах хугацаандаа холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, өөрт олгосон “Системийн администраторын эрхийг хувийн ашиг хонжоо олох зорилгоор ашиглаж, өөртөө болон Н.Дөлгөөнд давуу байдал бий болгосон гэм буруутайд тооцсон нь хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр болжээ” хэмээн дүгнэлээ. Ингээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээв.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн 1 цаг өмнө
23 сая төгрөгийн ашиг олсноос 5 саяыг нь Эрдэнэтуяад бэлэглэж байгаа юм байна тийм үү ккк