СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хуудуутай баримтаар төсвөөс мөнгө авсан “Пи си эф” ХХК-ийн захиралд торгох ял шийтгэлээ

Нийтэлсэн
2 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 цагийн өмнө

Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг сумд авто зам барьсан “Пи си эф” ХХК-ийн удирдлага Зам, тээврийн яамны харьяа “Зам, тээврийн хөгжлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ)-т хуудуутай тайлан хүргүүлж, төсвөөс их хэмжээний мөнгө авсан хэрэгт холбогджээ.

Тус компани 2021 онд эл сумд зам барьж, арванхоёрдугаар сард нь гүйцэтгэлийн тайлангаа “Зам, тээврийн хөгжлийн төв”-д хүргүүлсэн аж. Энэ үедээ хийж гүйцэтгээгүй ажлаа хийсэн мэтээр баримт бүрдүүлж өгсөн бөгөөд түүнийг нь уг ТӨҮГ-ын Барилга угсралтын хэлтсийн хяналтын инженер Л.Лувсансугар хянан баталгаажуулснаар “Пи си эф” ХХК-д төсвөөс 90.8 сая төгрөг шилжүүлсэн байна.

Уг хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, “Пи си эф” ХХК-ийн захирал Р.Амарзаяа, “Зам, тээврийн хөгжлийн төв”-ийн хяналтын инженер Л.Лувсансугар нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт хяналтын прокурортоо гаргасан аж. Хүсэлтийг нь Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор хүлээн аваад Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсгийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгон их хэмжээний хохирол учруулсан” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн юм.

Тус шүүх уг хэргийг хянан хэлэлцээд эл хоёр хүний нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасаж, Л.Лувсансугарыг 15, Р.Амарзаяаг 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэлээ. Ингэхдээ улсад учруулсан 90.8 сая төгрөгийг “Пи си эф” ХХК нөхөн төлсөн зэргийг харгалзан үзжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.