Монгол Улсын иргэд эх нутгийнхаа эрдэс баялгаас хувь хүртэх учиртай. Харин, Монголын төр баялгийн зохистой хуваарилалтыг хийх үүрэгтэй. Тэгж байж монголчууд хүн шиг амьдарна. Манай улс шиг баялагтай хэрнээ хүн ам цөөтэй улсын хөгжих цорын ганц гарц нь энэ.
Сарын өмнө сонгогдсон Ерөнхий сайд Г.Занданшатар ч “...Манай Засгийн газрын мега төсөл нь монгол хүн” гэж мэдэгдсэн. Хүний хөгжилд хөрөнгө хэрэгтэй. Хөрөнгөтэй монгол хүнд хөгжих боломж үүснэ.
Энэ мэт уялдаж гинжилдсэн шалтгаанаас харахад л, Монголын төр баялгийн зохистой хуваарилалтыг хийхдээ цаг алдах учиргүй болж байгаа юм. Гэхдээ баялгийг хуваарилах сүлжээгээ хийчихсэн. Тэр нь, Баялгийн сан юм. Үндсэн хуулийн заалттай. Үндэсний баялгийн сангийн хуультай.
Эдгээрийг хэрэгжүүлж эхлээд л өмнөх Засгийн газар гацаанд орсон. Улмаар, унасан. Шулуухан хэлэхэд, “...Тавантолгойн нэг хэсэг болсон Ухаахудагийг Баялгийн санд авна” гээд, тэр концепцоороо “ном” хийж тараасан. Удалгүй уначихсан. Тухайн үед ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл “…Ажлын хэсэгт цугларсан баримтуудаас түүвэрлэж хоёр боть эмхэтгэл бэлдэж хэвлүүлсэн. Тавантолгойн бүлэг ордын хайгуулд төр 50 жилийн турш ямар их хөрөнгө хүч зарсан бэ. Орд хэрхэн хувьд очиж хэд дамжсан, стратегийн орд гэгч ойлголт хуульд хэрхэн орж, хэн хэн ямар байр суурьтай байсан бэ. Засгийн газар энэхүү ордыг буцаан авах талаар ямар алхам хийсэн бэ. Яагаад УИХ-аар хэлэлцүүлээгүй вэ. Эдүгээ Ухаахудагийн хэсгийн олборлолт, орлого, татвар төлөлт ямар байгаа вэ. Яригдаж буй олон баримт энд бий” гэж байв.
Ер нь бол, УИХ-аас 2019 онд байгалийн баялгийг иргэдэд эзэмшүүлэхтэй холбоотойгоор баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, 2024 онд гаргасан. Үндэсний баялгийн сангийн тухай хууль байдаг. Үүнийг хэрэгжүүлэхээр Засгийн газраас “…УИХ, Засгийн газрын ямар ч шийдвэргүйгээр хувийн компанид шилжсэн Тавантолгойн бүлэг ордын нэг хэсэг Ухаахудагийн тодорхой хувийг Баялгийн санд авахыг УИХ-аар шийдүүлье” гэх шийдвэрийг гаргасан. Засгийн газар 2025 оны хоёрдугаар сарын 17-нд Ухаахудаг ордтой холбоотой санал дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулсан. Тэр ажлын хэсэг санал дүгнэлтээ гаргаад УИХ-д хүргүүлсэн. УИХ түүнийг нь хэлэлцэлгүй орхисон. Улмаар, 2025 оны тавдугаар сарын 8-нд УИХ-аас ажлын хэсэг байгуулсан. Тэрхүү ажлын хэсгийн ахлагч П.Мөнхтулга “…Бид мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр холбогдох байгууллага, албан тушаалтан, мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулж, мэдээлэл судалгаа гаргуулан дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулна. Үүний үндсэнд санал, дүгнэлтээ гарган цаашид авах арга хэмжээний талаарх санал шийдвэрийн төсөл боловсруулж, УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд танилцуулна” гэсэн. Эндээс, “…Засгийн газрын бэлдсэн Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр удах нь” гэж уншигдсан. Үнэхээр ч, түүнээс хойш хоёр сар өнгөрч, Ухаахудагийн асуудал үндсэндээ “унтчихаж” байна.
Гэтэл, Ухаахудагийнхан 2025 оны гуравдугаар сарын 26-нд ордоо барьцаалаад 350 сая ам.доллар авчихсан байгаа юм. “…Тэр мөнгө юунд зарцуулагдсан нь удахгүй тодорхой болно” гэсэн улс төрийнхний битүү хатуу яриа л үлдэв. Тиймээс “…Ухаахудагийн тогтоолын төслийг УИХ дээр унагахаар төлөвлөөд байна уу” гэдэг хардлага, сэрдлэг үүсээд байна.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 7. ДАВАА ГАРАГ. № 126, 127 (7623, 7624)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.