Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв (ХХХСХТ)-ийн дарга З.Болдсайхан, тус төвийн ерөнхий нягтлан бодогч Б.Оюунчанцал нарт холбогдох хэргийн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа дуусжээ. Улмаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Онон яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.
ХХХСХТ-ийн удирдлага болох З.Болдсайхан, Б.Оюунчанцал нарыг 2022 оноос хойш хамаарал бүхий хүмүүс, төрийн бус байгууллагын данс руу их хэмжээний мөнгө шилжүүлэн авсан хэмээн буруутгаж, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан юм. Улмаар прокурор тэднийг Эрүүгийн хуулийн 22.8-1.1 дэх хэсгийн “Төсөв захирагч төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан” гэх заалтын дагуу яллагдагчаар татсан аж.
Засгийн газрын 2020 оны тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын харьяанд ХХХСХТ-ийг шилжүүлж, улсын төсөвт үйлдвэрийн газар болгосон байдаг. Тус үйлдвэрийн дарга З.Болдсайханыг төвийнхөө эзэмшилд байсан газрыг зарж, кадастрыг сольсон хэмээн гишүүд нь гомдол гарган шалгуулсан юм. З.Болдсайхан, Б.Оюунчанцал нарт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэн 2024 аравдугаар сарын сүүлчээр шүүхэд шилжүүлж, дараа сарынх нь 13-нд урьдчилсан хэлэлцүүлгийн хурал хийгээд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар тодруулах зүйл байна гэж үзээд прокурорт буцааж байв. Уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг дээрх шүүхийн шүүгч Х.Одбаяр удирдан өнөөдөр хийхээр товложээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.