БНХАУ-ын “Шиамен рүн янь инвестмент” гэх компанийн хөрөнгө оруулалттай “Хорскинг инвестмент” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн III хорооны нутаг, V хороололд барьсан 234 айлын орон сууцыг ашиглалтад оруулахын тулд хахууль авсан Улсын комиссын албан тушаалтнуудад холбогдох хэргийг шүүх шийдвэрлэлээ.
Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас өнгөрсөн долоо хоногт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргийг яллагдагч Б.Цэрэнням, Ч.Отгонтөгс, тэдний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийн дагуу Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн даваа гарагт хэлэлцсэн юм.
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн техникийн инженерээр ажиллаж байсан Б.Цэрэнням, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын барилгын зураг төслийн хяналтын тасгийн даргаар дэд хурандаа цолтой ажиллаж байсан Ч.Отгонтөгс нар дээрх компанийн барьсан “Тайм классик тауэр”-ийг хүлээн авах Улсын комисст тус тусын хяналтын чиглэлээр ажиллаж байж. Энэ үедээ буюу 2019 оны арванхоёрдугаар сард уг хоёр албан тушаалтан өмнөх шаардлагынх нь дагуу засаж сайжруулах зүйл байсаар атал гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж, “Хорскинг инвестмент” ХХК-ийн ажилтнууд болох Чинзориг, Ганхүү нараас 3-4 сая төгрөг авч, гарын үсэг зурснаар “Тайм классик тауэр”-ийг ашиглалтад хүлээн авсан гэнэ.
Өдгөө тэтгэвэртээ гарсан, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн техникийн инженер асан Б.Цэрэнням гэх эмэгтэй, цэргийн тэтгэвэртээ гараад “Дашваанжил” ХХК-ийн хамаарал бүхий “Нетгаз групп” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Ч.Отгонтөгс нарыг дээрх шүүхээс албан тушаалаа урвуулан ашиглаж, зөрчил дутагдлаа арилгасан, эсэхийг бодитоор танилцан үзлэг хийлгүйгээр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг баталгаажуулж гарын үсэг зурсны хариуд хахууль авсан гэм буруутайд тооцож, тус бүрд нь 10 сая төгрөгөөр торгох ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг нь таван жил хасжээ. Уг хоёр хүн НПГ-ын хяналтын прокурорт хэргээ хялбаршуулж шийдвэрлүүлэх хүсэлт гаргахдаа 10 сая төгрөгөөр торгуулахад татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд хахуульд авсан 3-4 сая төгрөгийг нь тэднээс гаргуулж улсын орлогод хураахыг ч хүлээн зөвшөөрсөн аж.
Харин тэдэнд хахууль өгсөн “Тайм классик тауэр”-ийг бариулсан “Хорскинг инвестмент” ХХК-ийн ажилтнууд болох Чинзориг, Ганхүү нарын үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас эрүүгийн хариуцлагад татаагүй гэнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.