СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монголд хууль бусаар 12 жил долоон сар амьдарсан Солонгос иргэнийг албадан гаргав

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
6 цагийн өмнө

Гадаадын иргэн, харьяатын газраас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан хяналт шалгалтын хүрээнд хууль тогтоомж зөрчсөн, долоон улсын 37 иргэнийг Монгол Улсаас албадан гаргалаа. Тодруулбал, БНХАУ-ын 19, ОХУ-ын 12, БНСУ-ын хоёр, бусад улсын дөрвөн иргэн багтжээ.

Тэд виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн, аялах зорилгоор орж ирээд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулж байсан нь хяналт шалгалтаар тогтоогдсон гэнэ. Тухайлбал, визийн хугацаа хэтрүүлэн Монгол Улсад 12 жил долоон сар хууль бусаар оршин сууж байсан, БНСУ-ын иргэнийг илрүүлж, албадан гаргасан байна. Пак Дүү Сонг гэх 65 настай эр 2012 оны зургаадугаар сард 90 хоногийн хугацаатай J ангиллын виз авч, Замын-Үүд боомтоор орж ирээд нутаг буцалгүй өнгөрсөн долоо хоног хүртэл ажиллаж, амьдарсан юм байна.

Албадан гаргасан иргэдийн дийлэнхийг эзэлж буй БНХАУ-ын иргэд манайд аялахаар К2 ангиллын цахим виз ашиглан орж ирээд хөдөлмөр эрхлэх зөрчил гаргасан бол ОХУ-ын иргэд хоёр улсын хэлэлцээрийн дагуу визгүй хилээр нэвтрээд ирсэн зорилгоосоо өөрөөр, шашны гэх мэт үйл ажиллагаа явуулж байж.

Тиймээс дээрх 37 иргэнд Зөрчлийн тухайн хуулийн дагуу торгууль ногдуулж, зөрчлөөс нь хамааран 1-3 жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоож албадан гаргасан гэнэ.

Жуулчлах виз авч ирж буй гадаадын иргэд аяллын визийг зорилгоосоо өөрөөр буюу бизнесийн болон хөдөлмөр эрхлэхгүй байх, уригч аж ахуйн нэгж, байгууллагууд гадаадын иргэдийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, хууль бусаар ажиллуулахгүй байхыг зөвлөж, ГИХГ-аас удаа дараа анхааруулж буй ч зөрчил буурахгүй байгаа юм. Тиймээс цаашид тус газрынхан хяналт шалгалтаа улам чангатган, хууль тогтоомж зөрчсөн гадаадын иргэн, уригч аж ахуйн нэгж байгууллагуудад хуулийн дагуу хатуу хариуцлага хүлээлгэхээ сануулав. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.