Засгийн газрын “Шувуу” ажиллагааны хүрээнд 2024 оны наймдугаар сарын 9-нд Унгар улсаас шилжүүлэн авсан Ж.Түвшинтөрд холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн сарын 7-нд хэлэлцэн шийдвэрлэжээ.
Тэрбээр 2022 онд бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан гэх хэрэгт холбогдон шалгуулж байхдаа хилээр гарч Турк улсад очсон аж. Улмаар тэндээсээ Унгарыг зорьж, тус улсад ажиллаж амьдардаг монгол иргэдээ дарамталж байсан гэх хэрэгт холбогдсон юм. Унгарын цагдаагийн байгууллагатай манай ЦЕГ-ын Интерполын товчоо хамтран ажилласнаар Ж.Түвшинтөрийг эх оронд нь шилжүүлэн авсан бөгөөд Эрүүгийн хуулийн 20.16-2.1 дэх хэсгийн зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, 11.6-1-т заасан хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэх заалтын дагуу эрүүгийн хэрэг үүс гэж цагдаагийн байгууллагад шалгаж дууссан.
Улмаар НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснийг хэлэлцээд Ж.Түвшинтөрд хоёр жил дөрвөн сарын хугацаагаар хорих ял шийтгэжээ. Мөн Унгар улсаас албадан ирүүлэхэд гаргасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 26.1 сая гаруй төгрөгийг түүнээс гаргуулахаар болсон байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Америк руу зугтсан бузаруудаа ингээд авчирч болдоггүй юм уу Монголын бүх л хог шаарыг тэжээж байдаг Америк ер нь хогийн сав болжээ