СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-07

Р.Сэддорж: Техник, технологийн түвшний үнэлгээний олон улсын аргачлалыг нутагшуулах, оюуны өмчийн хамгаалалтыг чангатгах шаардлагатай

Нийтэлсэн
13 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
13 цагийн өмнө

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос “Үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийн стратеги ба боломж” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.05.06/ Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, О.Батнайрамдал, Р.Батболд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан болон холбогдох яам, агентлагын удирдах албан тушаалтнууд “Эрдэнэс үйлдвэр технологийн парк” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдэрийн газрын төлөөлөл, салбарын эрдэмтэн, судлаачид оролцсон.


Байнгын хорооны дарга Р.Сэддорж хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, Үйлдвэрлэл технологийн паркийн хөгжлийн стратегийн шийдлийн салшгүй хэсэг нь техник-технологийн асуудал байдаг. Бид хөгжлийг түргэтгэх нэрээр маш олон хуучирсан, эдийн засгийн эргэлтээс гарсан, байгаль орчны шаардлагад нийцэхгүй технологиудыг оруулж ирсэн жишээ олон бий. Энэ нь төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын эрсдэлийг нэмэгдүүлж, эдийн засгийг хүндрүүлэх, тооцогдоогүй зардлыг өсөн нэмэгдүүлэх, төслийн үр ашгийг илэрхий бууруулах олон талын сөрөг үр дагавартайг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн үйлдвэр технологийн парк нь улсын хөгжлийн стратегийн гол хөшүүрэг болохыг онцолж, цаашдын бодлогыг бодит мэдээлэл, оновчтой шийдлээр дэмжих зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж буйг дурдлаа.

 

Хэлэлцүүлгийн эхний хэсэг "Үйлдвэр технологийн паркийн өнөөгийн байдал, хэрэгжилт" сэдвийн хүрээнд болж улмаар “Эрдэнэс үйлдвэр технологийн парк” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн Үйлдвэрлэл, технологийн парк зэрэг оролцогч байгууллагууд үйл ажиллагааныхаа чиг үүрэг, хууль, эрх зүйн орчин, төрөөс үзүүлэх дэмжлэг, төлөвлөлт, дэд бүтцийн бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хүргэв. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн Үйлдвэрлэл, технологийн парк нь энэ онд авто замын барилга угсралтын ажил, ус хамнгамж, ариутгах татуургын ажил, хамгаалалтын зурвас барих, төмөр замын барилга угсралтын ажлуудыг гүйцэтгэж байгаа бөгөөд 2026 онд цахилгаан хангамжийн ажил, дэд бүтцийг ашиглалтад оруулах, 2028 онд Эрдэнэт машин цогцолбор, молибдены баяжмал боловсруулах үйлдвэр барих, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр барихаар төлөвлөсөн. Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах хууль, эрх зүйн орчин бүрдсэн. 2026 оноос барилга, тоног төхөөрөмж угсралт, суурилуулалт, байгаль орчны үнэлгээг бүрэн хийх ажлыг дуусгаж, улмаар 2028 онд улсын комисст хүлээлгэх, үйлдвэрлэлийн зүгшрүүлэлтээр үргэлжилж, жилд 560 мянган тонн зэсийн баяжмал, 124 мянган тонн катодын зэс, 182 мянган элементийн хүхэр, 11.8 мянган тонн хүхрийн хүчил, 72 кг алтан гулдмай, 38.2 мянган кг мөнгөн гулдмайн хүчин чадалтай ажиллана. Элементийн хүхэр үйлдвэрлэх үйлдвэрлэлийн туршилтыг БНХАУ-ын  Karatongke Copper Nickel Mine хайлуулах үйлдвэрлэлийн бүсэд явуулж буй гэлээ. 

Мөн хэлэлцүүлэг "Үйлдвэр технологийн паркийн хөгжлийн онол арга зүй" сэдвийн хүрээндэх салбарын эрдэмтэн, судлаачдын зургаан илтгэл, асуулт хариулт, санал зөвлөмжөөр үргэлжилсэн.

Тухайлбал, оролцогчид Монгол Улс баялгийн илүүдэлтэй орон биш гэдгийг онцлохын зэрэгцээ эрдэс баялгийн дараагийн ордуудын талаарх хайгуул судалгааны ажлуудыг эрчимжүүлэх, дотоодын аж ахуйн нэгждээ давуу тал олгох асуудлыг тодорхойлох, технологийн түвшний үнэлгээний журмыг өөрчлөх, шинээр байгуулж байгаа үйлдвэрүүд нь байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн ач холбогдолтой эсэхийг үнэлэх, технологийн сайжруулалт, үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжилд мэргэжилтэн сургах хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай гэж байлаа. 

Хэлэлцүүлгийг хааж, Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж үг хэлсэн. Тэрбээр, онцлохын зэрэгцээ хэлэлцүүлгээс гарсан саналуудыг цаашдын бодлого боловсруулах ажилд тусган, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход шат шатны байгууллагад хүргүүлж ажиллахаа мэдэгдлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийнгазраас мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.