СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гарааны “Праймер” компанийг торгож, захирлыг нь тэнсэн харгалзахаар боллоо

Нийтэлсэн
13 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
13 цагийн өмнө

Мал эмнэлгийн хүрээлэн (МЭХ)-гийн дэргэдэх гарааны “Праймер” ХХК, түүний захирал, малын эмч, доктор, дэд профессор С.Лхагвасүрэнд холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ.

Тус компани болон захирал С.Лхагвасүрэнг Эрүүгийн хуулийн 24.3-1, 24.3-3 дахь хэсэгт заасан “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан”, “уг гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэх заалтын дагуу НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм.

МЭХ-гийн дэргэдэх “Праймер” ХХК нь мал эмнэлгийн үйлчилгээ, хяналт, үнэлгээ, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр сургалт, зөвлөх үйлчилгээ, сорилт шинжилгээ, оношилгооны технологи хөгжүүлэх үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж. Энэ үйл ажиллагаагаа явуулахдаа шинжлэх ухааны туршилт, судалгаа, оношлуур үйлдвэрлэж, худалдах, махны судалгаа хөгжүүлэлтийн лаборатори зэрэгтээ химийн хорт бодис ашигладаг юм байна. Гэхдээ тус компани болон захирлыг нь калийн хромат, натрийн гидроксид, мөнгөний нитрат гэсэн бодисыг зохих зөвшөөрөлгүй олж авч үйл ажиллагаандаа ашигласан хэмээн буруутгасан билээ. Уг бодисуудын нэг хэсэг нь Монгол Улсын химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад аюултай гэх ангилалд багтдаг аж.

Шүүхээс гарааны “Праймер” ХХК болон захирал С.Лхагвасүрэнг нь химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан гэм буруутайд тооцож, захиралд нь нэг жил тэнсэн харгалзах, аж ахуйн нэгжийг 23 сая төгрөгөөр торгож, үйл ажиллагаа явуулах эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлах ял шийтгэсэн байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.