Мэргэжлийн снукер биллиардын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дуулиан шуугиантай үргэлжилсээр байна.
Хагас шигшээд дэлхийн долоон удаагийн аварга Ронни О Сулливан, гурван удаагийн аварга Марк Уиллиамс, дэлхийн аварга бөгөөд дэлхийн чансааг тэргүүлэгч Жадд Трамп гэх мэт аваргуудаас гадна БНХАУ-ын Жао Шинтон нар шалгарсан. Тэгвэл Жао Шинтон домогт Ронниг 17:7 харьцаагаар "бут ниргэн" шигшээд шалгарч чадлаа.
Жао Шинтон гэж хэн бэ?
Өдгөө 28 настай Жао 2016 онд мэргэжлийн тавцанд хөл тавьж байсан бол 2021 оны UK Championship тэмцээнд түрүүлэн шуугиулж байлаа. Тэрээр 2022 онд дэлхийн чансааны шилдэг 16-д нэгдэн Мастерст орсон төдийгүй түрүүлж байлаа. Гэвч 2023 оны нэгдүгээр сард Жао болон бусад 10 Хятад гаралтай тамирчдыг тоглолтын үр дүнг урьдчилан тохиролцсон, бооцоот тохиролцоо үйлдсэн гэх үндэслэлээр 2024 оны 9 сарын 1 хүртэл мэргэжлийн тэмцээнд оролцох эрхийг хасаж байлаа.
Домогт аваргыг 17:7 харьцаагаар буулган авч дэлхийн аваргын шигшээ шалгарсныхаа дараа Жао: "Өнөөдөр бүх хүмүүс Ронниг дэмжиж байгаа нь надад мэдрэгдсэн. Гэхдээ үнэнийг хэлэхэд тэр үүнийг хүртэх эрхтэй. Ронниг найм дахиа түрүүлэхэд хэн ч гайхахгүй нь мэдээж. Тийм ч учраас би хэн хэнээс илүү хичээж тоглолоо. Хятад эсвэл хэн нэгэн Ази тамирчин дэлхийд хараахан түрүүлээгүй байна. Би үүнийг л бодож байна. Шигшээ тоглолтод Марк Уиллиамс аваргатай тоглохыг хүсэж байна. Би үнэндээ түүнийг маш их хүндэтгэдэг" хэмээсэн байна.
Хагас шигшээ нөгөө талд дэлхийн аваргуудын дуэл явагдаж байгаа ба одоогоор Жадд Трамп, Марк Уилиамс нар 8:8 харьцаагаар тэнцүү өрсөлдөж байна. Хуваарь ёсоор өнөөдөр /тавдугаар сарын 3-ны 17:00 цагт/ тоглолт үргэлжлэн явагдана.