СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2025-05-01

Эгийн голын УЦС-ыг “хамгаалсан” жишиг Халзанбүргэтэйгээр үргэлжлэх үү?

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 цагийн өмнө

Засгийн газар уржигдар бараг л бүрэлдэхүүнээрээ Булганы Хутаг-Өндөрийн нутаг дахь Эг, Сэлэнгийн бэлчирт байрлах Эгийн голын УЦС төслийн талбайд ажиллав. Учир нь, Эгийн голын УЦС төсөл нь Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн тавдугаарт эрэмбэлэгдсэн. Ингэхдээ, ач холбогдлыг нь “…Импортын эрчим хүчийг багасгах, Төвийн бүсийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангана” гэж тодорхойлсон.

Энэ төсөл эл дол болтол яригдсаар олон нийт ч төдийлэн анхаарахаа болиод байсан юм.

Эгийн голын УЦС-ын талаар тэртээх 60 гаруй жилийн өмнө, 1964 онд ярьж эхэлсэн. Харин анх 1991, 1996, 2007, 2013 онд Засгийн газраас 220 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барихаар шийдвэрлэсэн. Мөн 1992-1995 онд Швейцарь, Итали, Монголын компаниудын хийсэн ТЭЗҮ, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг үндэслэн 1996-1997 онд Засгийн газар төслийг хэрэгжүүлэх арга хэмжээ авсан.

Тэгж тэгж 2016 оноос Хятадын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барилга угсралтын ажил эхэлсэн ч Оросын талаас НҮБ-ын ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд гомдол гаргаснаар ажил саатсан юм. Ингэсээр Засгийн газрын шийдвэр, алхмуудын аль аль нь ажил хэрэг болж чадаагүй юм.

Тэр бүрт “…Байгал нуурын биологийн олон янз байдал, дэлхий цэвэр усны нөөцөд сөрөг нөлөө үзүүлж магадгүй” гэсэн шалтгаанаар тус төсөл олон жил гацсан. Ер нь бол гацаасан.

Харин сүүлд, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 онд ОХУ-ын Владивосток хотод болсон “Дорнын эдийн засгийн форум”-ын ээлжит VII чуулганд үг хэлэхдээ тус төслийг “хөдөлгөх” асуудлыг хөндсөн. Тэр үеэр энэ талаар Оросын ерөнхийлөгч В.Путинтэй ч ярьсан гэдэг. Тэгэхэд В.Путин “…Монгол, Орос хамтарч ажлын хэсэг гаргаж, үр нөлөөг нь хамтран судалж, шийдвэр гаргая” гэсэн хариуг хэлсэн байдаг.

Тэр уулзалтаас хэд хоногийн өмнө манай улсад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийг айлчлах үеэр яг энэ Эгийн голын УЦС-ын талаар ярилцсан. Тухайн үед Оросын талаас НҮБ-д гаргасан гомдол шийдэгдээгүй байсан юм. Энэ тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш “…Эгийн голын УЦС-ыг барихад НҮБ улс төрийн дэмжлэг үзүүлнэ” гэж хэлээд явсан.

Тэгвэл, Ерөнхий сайд, бусад сайд нар газар дээр нь очиж ажилласнаар Эгийн голын УЦС-ын талаар арай өөр “зүйл” яригдлаа.

Ерөнхий сайд “…Дэлхийн өвийн хорооноос Оросын гомдолд “…Эгийн голын УЦС төслийг дангаар хэрэгжүүлэх нь Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын экосистемд мэдэгдэхүйц нөлөөлөл үзүүлэхгүй” гэсэн хариу гаргасан” гэжээ. Гэхдээ “…Төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг ЮНЕСКО-ийн аргачлал болон олон улсын стандартын дагуу боловсруул” гэсэн чиглэл өгсөн тухай нутгийнханд ярьжээ. Манайд бол энэ эерэг дүгнэлт болно.

Түүнээс гадна төслийн нөлөөллийн бүс Хантай, Баянгол багийн иргэд “…Энэхүү төслийг ажил хэрэг болохыг 35 жил хүлээсэн. Бүрэн дүүрэн дэмжиж байгаа” гэдгээ хэлсэн байна

Тэгэхээр энэ төсөл дээр лав Засгийн газар орон нутгийн иргэдтэй ойлголцож чадав бололтой. Цаашлаад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС “ярьдаг” судлаачид, ТББ-уудынхантай уулзаж ярилцахаар болжээ.

Эгийн голын УЦС-ын талаарх энэ яриа хөөрөө Засгийн газрын Хойд бүсийн зөвлөгөөн хэмээх томоохон арга хэмжээний хүрээнд болж байгаа юм.

Удахгүй Баруун бүсийн зөвлөгөөн нь болно. Тэнд, тэр үеэр Засгийн газраас анхаарах маш том төсөл бас л гацчихаад байгаа юм. Ховдын Мянгадад “Халзанбүргэтэй” хэмээх газрын ховор элементийн төсөл бий. Тус төсөл яагаад ч юм, маш том эсэргүүцэл тэмцлийн дор орчихсон.

Уг нь, газрын ховор элемент өөрөө дэлхийн хамгийн супер ашигт малтмал болж, эрин үе нь ирчихээд байгаа юм. Америкаас Украйнд өр барагдуулах санал тавихдаа тус улсын газрын ховор элементийг авах санаатай байгаагаа хэлсэн. Америк Хятад хоёрын эдийн засгийн “тулаан”-ы гол хүчин зүйл нь мөн л газрын ховор элементтэй холбоотойг дэлхий мэдээлээд байна. Тиймээс Монголын төр Монгол нутгаасаа олдсон, Монголын компанийн хэрэгжүүлж буй газрын ховор элементийн төсөлд анхаарлаа хандуулах учиртай болж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, Эгийн голын УЦС-ыг “хамгаалсан” жишиг Халзанбүргэтэйгээр ч үргэлжилж  л таарахаар байна. Тус төсөл улсад л тустай. Бас, бага биш ихээхэн ач холбогдолтой мега төсөл шүү дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин, Б.БАЯР

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 цагийн өмнө
116.206.83.106

Бөгс долоогч Баяр

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.