“Хүнсний тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга, олон нийтийн хэлэлцүүлэг өрнөж байна.
УИХ-ын гишүүн М.Мандхай:
-Манай Монгол Улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 46 хувийг импортоор авдаг. Ядуурлын түвшин 27.1 хувьтай байна. Ядуурлын түвшинд байгаа эдгээр иргэд маань хүнсний шим тэжээлийн дутмагшилтай байна. Хүнсний аюулгүй байдалтай холбоотой хавдрын тохиолдол их байна гэх судалгааны дүн байна. Тодруулбал, хүнсний баталгаат байдал алдагдсантай холбоотой хавдраар өвчлөгсдийн 35 хувь нь хооллолтоос хамаарсан хорт хавдартай байна.
Хүнсний тухай хуулийг манай улс 1995 онд баталж байсан. Үүнээс хойш хоёр гурван удаа нэмэлт өөрчлөлт орж байсан. Гэхдээ нийгэм өөрчлөгдөхийн хэрээр хоол хүнсний үйлдвэрлэл, шинэчлэл явагдсаар байна. Гэтэл манай үндсэн хууль эрх зүйн орчин хоцрогдоод байна.
Хүн амаа баталгаат хоол хүнсээр хангах олон улсын гэрээнд бид нэгдэн орсон. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал дээр ч энэ эрхийг тусгаж өгсөн байдаг. Нийт хүн амаа эрүүл хүнсээр хангах нь маш чухал асуудал болоод байна. Иймд бид хүнсний тухай хуулиа өөрчлөхөөс өөр аргагүй. Нэр томъёо өөрчлөх олон асуудал байна. Эрдэмтдийн судалгаа шинжилгээ дээр тулгуурлан хуулиа шинэчлэх зайлшгүй шаардлагатай байна. Түүнчлэн хүнсний салбарын хүний нөөцийн асуудал тулгамдаж байна. Хуульдаа энэ талаар тусгаж, хөшүүрэг гаргаж урамшуулал олгож байж, сайн мэргэжилтэн бэлтгэгдэнэ үзэж байна. Түүнчлэн хүнсний аюулгүй байдалд хяналтын тогтолцоог бий болгох зайлшгүй шаардлагатай байна. Хүнсээ зөв хяналттай болгож байж бид баталгаатай хүнсээ хэрэглэнэ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.